Э.Энхтуул номын санд үйлчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсоход бүгд л “Ирэх дуртай” гэв
-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн байна вэ. Тэдэнд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэдэг бол?
-Манай дүүрэг 350 гаруй мянган иргэнтэй. Тэдний 9427 нь хөгжлийн бэрхшээлтэй. Хүн ам олшрохын хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо нэмэгдсэн. Манай хэлтэс Хөдөлмөрийн болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд зорилтот бүлгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүдэд өдөр тутам үйлчилдэг. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт авдаг 5000-аад иргэн бий. Манай хэлтсийнхнээс гадна 43 хорооны хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд байнга анхаарч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Хүмүүс манай байгууллагаар орж, гарахдаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдрэхгүйгээр, аливаа үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч, ажлаа сэтгэл ханамжтай бүтээгээд гарах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог. Энэ чиглэлд юу хийх талаар манай байгууллагынхан 2016 оноос хойш нэлээд судалж, заримыг нь амжуулаад байна. L3605/G9191: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Бид хараагүй хүмүүстэй ярилцаж ойлголцоод, заавар, зөвлөгөө өгдөг. Харин сонсголын бэрхшээлтэй иргэдтэй ойлголцож чадахгүй байсан тул 2018 оноос хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүдээ дохионы хэлний сургалтад хамруулж, харилцах чадварыг нь нэмэгдүүлсэн нь их хэрэг болсон. “Танд юу хэрэгтэй байна, ийм материалууд бүрдүүлээрэй” гэж сонсголгүй иргэдтэй ойлгох хэлээр харилцахад сэтгэгдэл өндөр байдаг. Гэхдээ албан хаагчид маань тогтвор суурьшилтай ажиллах нь ховор юм. Дохионы хэлд мэргэшсэн хэд хэдэн ажилтан өөр газар луу шилжсэн. Тийм болохоор одоогоор шинэхэн сурсан мэргэжилтнүүд л ажиллаж байна.
-Орчны хүртээмжийг сайжруулахын тулд ямар ажлууд хийсэн бэ?
-Та орж ирэхдээ харсан байх. Тэргэнцэртэй иргэд явах зориулалттай, стандартын шаардлага хангасан налуу замтай болсон. Зарим газарт налуу зам гэхээр гулсуур шиг юм барьчихсан харагддаг. Тийм биш юм билээ. Тэргэнцэртэй иргэн бусдын тусламжгүй яваад ороод ирэх боломж бүрдүүлсэн зам барих ёстой. Мөн авто зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэн унаагаа тавих боломж бүрдүүлсэн. Бас тэргэнцэртэй иргэн үйлчлүүлэх бие засах газартай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг аав, ээжүүдэд анхаарал тавих шаардлагатай. Тэд хүүхдүүдээ тэврээд, түрээд орж ирдэг. Хүүхэд нь уйлчихсан, өөрсдөө ядарч, бухимдсан явах нь зөндөө. Тэр үед нь тосож аваад, хүүхдийг нь саатуулах тоглоом бүхий өрөөнд оруулдаг үйлчилгээг бид мөн нэвтрүүлсэн. Ингэснээр хүүхэд ч, аав, ээж нь ч тайвширч, сэтгэл амар үйлчлүүлээд гардаг. Үйлчилгээ авах гэсэн иргэдийн бичиг баримт дутуу байвал хөөцөлдөж олох ажил гарна аа. Тиймээс хөдөлмөр, халамжийн үйлчилгээ үзүүлэх танхим, хүүхэд саатуулах өрөөг нэг дор байгуулсан юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртээмжтэй үйлчилгээ авах боломж бүрдсэн. Уг танхим, өрөөг цогцоор нь байгуулж өгөх хүсэлтийг олон улсын “Holt” байгууллагад бид өнгөрсөн онд тавьж байв. “Holt”-ынхон бидний саналыг дэмжиж, санаачилгыг бодит ажил болгоход их тус болсон. Цар тахлын хөл хорионы үед бид ийм ажил амжууллаа. Мөн шаардлагатай үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхантай хамтарч сэтгэлзүйч урин, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгдөг. Бид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч хоёрдугаар давхартаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгуулсан. Энд хөгжлийн бэрхшээлтэй залуус ирээд зориулалтын, тохируулгатай ширээ, сандалд сууж, компьютер ашиглах боломжтой. Компьютер графикаар зурахаас авхуулаад юу ч хийж болно. Нэгдүгээр давхарт “Holt” номын сан бий. Тэнд хүссэн хүүхэд бүр ирж ном уншиж, даалгавраа хийж болно. Бас үдийн цай үнэ төлбөргүй өгдөг.
-Санаачилгатай л бол олон ажлыг амжуулж, хэрэгжүүлж болдгийн жишээ байна.
-Төрийн албан хаагчийн хариуцлага, хүнд суртал гэх зэрэг нь харилцаан дээрээс л үүсдэг шүү дээ. Тиймээс ийм таагүй байдал үүсэх нөхцөл бүрдүүлэхгүй байх нь чухал. Ер нь бухимдаж, стресстсэн хүмүүс л уурладаг. Тийм байдалтай хүмүүс төрийн байгууллагаар үйлчлүүлэхээр ороод ирэхэд нь гэрэл гэгээтэй уур амьсгалаар, эергээр хандаж угтахад иргэн аажмаар тайвширч, албан хаагч ч хийх ажилдаа төвлөрч эхэлдэг. Өөрөө хэлбэл, үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын хэн хэн нь сэтгэл ханамжтай байх орчин бүрдүүлэх нь ажлын бүтээмжид эерэг нөлөөтэй. Ялангуяа хөгжийн бэрхшээлтэй иргэдэд нэн тустай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлд хийсэн энэ мэт багахан ажилдаа бид сэтгэл хангалуун байдаг.
-ХНХЯ-наас харьяа байгууллагуудынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор зарласан уралдаанд танай хэлтэс тэргүүлсэн юм билээ. Та бүхний санаачилга, бодит ажлыг үнэлжээ.
-Тийм гэж боддог. Бас нэг хийх ажил бий. Энэ нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан цахилгаан шат юм. Олон талаар хамтарч ажилладаг “Holt” байгууллагынханд хандаж, уг саналаа танилцуулахад манай барилга хуучны, даац тааруу тул байшингийн дотор цахилгаан шат хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь “Гаднаас шууд орж ирдгээр хийж болох уу” гэж асуугаад байгаа. Тус байгууллагынхан судлах хэрэгтэй гэсэн. Манай дүүрэгт тулгуур эрхтний бэрхшээлтэй цөөнгүй хүн амьдардаг. Тиймээс цахилгаан шат заавал хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнесийг дэмжих зээлд хамруулж чадаж байна уу?
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр саяхнаас хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд зээл авсан залуусын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 60 орчим иргэнд зээл олгосон.
-Иргэд голчлон ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авдаг вэ?
-Ихэвчлэн гар урлал, оёдлын ажил эрхэлнэ гэдэг. Модон эдлэл хийх гэсэн хүн бий. Бас нэг онцлох үйлчилгээ бол гоо сайхан, үсчин юм. Хоёр жилийн өмнө “Үс арчилгааны индүү, сэнс зэрэг төрөл бүрийн багаж хэрэгсэл худалдаж авахад туслаач, зээл олгооч” гэж манай хэлтэст хандсан хүн өнөөдөр үсчний газраа худалдаад авчихсан, өөрөө суудал түрээслүүлэгч болсон. Ийм залуусыг дэмжихэд бидэнд ч урамтай байдаг.
-Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн ажил эрхэлдэг талаар судалж байсан уу?
-Сонгинохайрхан дүүрэгт гэхэд төрийн 82 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 129 хүн ажиллуулж байна. Хувийн хэвшлийн 102 байгууллага 239 хүнийг ажлын байраар хангасан. Тэгэхээр дүүргийн хэмжээнд 184 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 368 хүн ажиллаж байна гэсэн үг. Зөвхөн нэг дүүргийн хэмжээнд үзүүлэлт ийм байгаа. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд, орон даяар тоолбол нэлээд олон болох байх.
-Энэ ахицад нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу бол?
-Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгайлан авч үздэг, энэ чадах болов уу гэж эргэлзсэн байдлаар харилцдаг хуучны хэвшил, хандлага өөрчлөгдөж буйтай холбоотой байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг аль болох бүрдүүлэх сэн, нэг ч гэсэн айлын амьдралд нэмэр болох сон гэж сэтгэл гаргах нь нэмэгдсэн санагддаг. Гол нь ойлголт зөв бол хандлага мөн тийм байдаг. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүтэн жил ажиллуулсан тохиолдолд тухайн ажил олгогчийг урамшуулах нэмэлт, өөрчлөлт оруулсан. Иргэн бүтэн жилийн турш нийгмийн даатгал төлсөн шимтгэлийн хэмжээгээр урамшуулал олгодог болж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 25 ба түүнээс дээш тооны ажиллагсад тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн ажиллуулахаар заасан байдаг шүү дээ. Байгууллагууд үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
-Танай хэлтэст хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг уу?
-Гурван хүн ажилладаг. Нэг нь ходоод, нарийн гэдэсний хүнд өвчтэй. Тийм болохоор дэглэм сахих шаардлагатай. Жишээ нь, хүнд зүйл өргөж болохгүй. Тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг ажилтан байна. Хороонд хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Гурав дахь хүн маань одоогоор түр чөлөө авсан. Элэгний мэс засалд удаа дараа орсон хүн бий.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилдаа няхуур, хариуцлагатай санагддаг гэдэг. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Ажилд няхуур, хариуцлагатай нь үнэн. Бас их санаачилгатай. Бид зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаад зогсохгүй, төрийн бус байгууллагуудыг ч дэмждэг. Жишээ нь, энэ бай шингийнхаа хоёрдугаар давхарт “Эвт гурван тулгуур” гэдэг төрийн бус байгууллагад нэг өрөө эзэмшүүлдэг. Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүхий л талын мэдээлэл өгдөг юм. Мөн бусад байгууллага, иргэдтэй хамтарч, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь ажлын өрөөгүй, явуулын байдалтайгаар үйл ажиллагаа эрхэлж ирсэн тус хамт олон хүсэлт гаргахад нь бид дэмжсэн юм.
-Танай хэлтэс дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай мэдээллийг хэрхэн хүргэдэг вэ?
-43 хороондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан салбар зөвлөл байгуулсан. Тэдгээрээр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн болон бусад чиглэлийн мэдээлэл тогтмол хүргэдэг. Мөн салбар зөвлөлүүдээр дамжуулж иргэд, байгууллагуудын үйл ажиллагаа, амжилт, ололтоос мэдээлж, сурталчилдаг. Олон нийтийн зүгээс ямар мэдээлэл хүсэж байна, үйлчилгээг хэрхэн сайжруулах шаардлагатай гэх зэрэгт дүн шинжилгээ хийдэг. Салбар зөвлөлүүд байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй 9000 гаруй иргэндээ хүрч ажиллаж чаддаг болсон. Жишээ нь, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 10 болон найман сая төгрөгийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс 900 гаруй төсөл ирүүлсэн юм. Журмын дагуу 200-г шалгаруулж, санхүүжилт олгох ёстой. Тиймээс төсөл бүртэй сайтар танилцаж, шаардлагатай үед санаачлагчийг нь, мөн түүний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдэх, нотлох хүмүүсийг нь дуудаж уулзах тохиолдол ч байв. Салбар зөвлөлүүдийн тусламжтайгаар уг үйл ажиллагааг зохион байгуулж байхад иргэд нэгийнхээ ажил, бүтээгдэхүүний талаар маш сайн танилцуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие биеэ их сайн ойлгодог, дэмждэг. Бид ч бас сайн ойлгодог болсон.