Эрүүл мэндийн эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Уг үйлчилгээг орон нутгийн иргэдэд ойртуулах үүднээс УБТЗ-ын Төв эмнэлэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх хөдөлгөөнт оношилгооны төв байгуулжээ. “Талын гэгээ” хэмээн нэрийдсэн тус төв нь эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд нийт дөрвөн вагоноос бүрдсэн галт тэрэг аж. Эмч, ажилтнууд төмөр замын шугам дагуух долоон аймгийн 25 сумын иргэд, мөн төмөр замын салбарын ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах гэнэ. Төвийнхөн өчигдөр өглөө замд гарсан юм. Тэднийг үдэх ёслолын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Цар тахлын үед хүн амыг дархлаажуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны төв үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн онцлоод, орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэгт ч хувь нэмрээ оруулж буйд нь талархал илэрхийлэв.