Боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайд Л.Энх-Амгалан болон МХЕГ-ын дарга Б.Баасандорж нар мэдээлэв. Тодорхой хэлбэл, цэцэрлэг, сургуулийн багш нарын дипломыг нэгбүрчлэн шалгасан аж. Багш нарын 59 000 дипломыг энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш нягталснаа Л.Энх-Амгалан сайд хэлсэн юм. Цаашид 12 000 диплом шалгах нь. Шалгалтаар 724 зөрчил илрүүлжээ. Мөн 2000 диплом сэжигтэй байгаа аж. Хамгийн ноцтой нь хуурамч байж болзошгүй 442 дипломтой багш байсныг илрүүлжээ. Гэвч эдгээр хяналт шалгалтын цаасан материал алга болсон гэх хачирхалтай мэдээллийг хэлсэн. Мөн шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байсан гишүүдэд дарамт ихээр ирсэн байна. Тэр ч бүү хэл, ажлын хэсэгт багтсан БШУЯ-ны мэргэжилтнүүдийн компьютерийн хард хоёр ч удаа алга болжээ. Өдгөө дээрх асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Багш нарын дипломыг иргэдийн ирүүлсэн баримт, бодит гомдлын мөрөөр шалгажээ. Улмаар сайд нэг хэсэг нь хуурамч диплом "үйлдвэрлэж", нөгөө хэсэг нь баталгаажуулж, системд бүртгэдэг сүлжээ үүссэнийг онцолсон юм.
Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл
- 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/
- 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн
- 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил
- 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс
- 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа
- Бусад
Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.
Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангах аж.