Агаарын цохилтод жирийн иргэд олноороо өртөж байна
Этиопын Засгийн газар болон Тыграйн ардын чөлөөлөх фронт (ТАЧФ) хоорондоо дахин дайтаж эхэлжээ. Хэлэлцээг сэргээх боломжтой, эсэх, хэрхэн дуусах нь тодорхойгүй байна. Амхара мужтай хиллэдэг Кобо хотын Тыграй бүс нутгийн өмнөд хил дээр өнгөрсөн сарын сүүлчээр буун дуу гарснаар мөргөлдөөний шинэ үе эхэлснийг хоёр тал хүлээн зөвшөөрч, харилцан бие биеэ буруутгаж буй.
НУУЦ ХЭЛЭЛЦЭЭ
Өрнөдийн дипломатчдын мэдээлснээр Этиопын үндэсний батлан хамгаалах хүчин болон түүний холбоотон “Фано” гэгддэг Амхарын зэвсэгт хүчин тус бүс нутагт асар их хүч хуримтлуулсан аж. Үүний сацуу ТАЧФ ч эгнээгээ өргөжүүлж, шинэ элсэгчдээ сургах, зэвсэгжүүлэхэд нөөц бололцооныхоо ихэнхийг зориулжээ. Ингэхдээ албадлагын арга хэрэглээгүй хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн тулалдааны үеэр ТАЧФ Засгийн газрын цэргийнхнээс асар их хэмжээний зэвсэг булаасан. Үүний сацуу гадаадаас шинэ зэвсэг худалдаж авсан сурагтай.
Хэдхэн долоо хоногийн өмнө энхийн хэлэлцээ хийх боломжтой хэмээн найдлага тавьж байсан талууд хоорондын байдал хурцаджээ. Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед өөрийн орлогч Демеке Меконненийг өнгөрсөн долдугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлсэн Энх тайвны хорооны даргаар томиллоо. Үүнээс өмнө Абий өндөр албан тушаалтнуудаа ТАЧФ-ынхонтой нууцаар уулзуулсан гэх мэдээлэл гарсан байна.
Этиопын зэвсэгт хүчин Тыграйн бүслэлтийг буулгаж, үүнд дэмжлэг үзүүлэхээр илгээсэн цэргээ Эритрей рүү татаж, хоёр тал бүрэн хэмжээний хэлэлцээ хийж эхлэхээр Сейшелийн арлууд болон Жибутид болсон уулзалтуудын үеэр тохиролцсон аж. Тэдгээр уулзалт Кенийн нийслэл Найроби хотод тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатагийн удирдлагад болсон байж магадгүй. Хэлэлцэх эхний асуудал нь гал зогсоох тухай байсан бололтой.
Хөшигний ард АНУ эдгээр яриа хэлэлцээг дэмжиж, Кенитэй хамтран үр дүнд хүргэхийн төлөө ажиллажээ. Өнгөрсөн сарын 2-нд АНУын тусгай элч Майк Хаммер Европын Холбоо, НҮБ-ын төлөөлөгчдийн хамт Зүүн Африкт орших, хүлээн зөвшөөрөгдөөгүй Тыграй улсын нийслэл Мэкэле хотод айлчилсан. Ингэхдээ цахилгаан, эрчим хүчний хангамж, харилцаа холбоо, банк болон бусад үндсэн үйлчилгээг хурдан сэргээх, хүмүүнлэгийн тусламж саадгүй нэвтрүүлэхийг уриалж, Абий хэдийн энэ бүхнийг зөвшөөрснийг тэмдэглэсэн байна. Гэвч Африкийн холбооны төлөөлөгч, генерал Олусегун Обасанжо өөрийгөө АНУ, Европын Холбоо, НҮБ-ын төлөөлөгчдөд талуудын хооронд цорын ганц зуучлагч хэмээн танилцуулж, Этиопын холбоотон Эритрейг яриа хэлэлцээнд урихыг санал болгосон нь тэднийг ихэд эргэлзүүлжээ.
“ӨЛСГӨЛӨНГ ДАЙНЫ ЗЭВСЭГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА”
ТАЧФ Этиопын Засгийн газрыг хүлээсэн үүргээ дагаж мөрдөөгүй хэмээн буруутгасаар. Харин тус улсын эрх баригчид ямар нэг уулзалт хийгээгүй хэмээн мэдэгджээ. Хэлэлцээ яагаад тасарсан талаар олон улсын төлөөлөгчид тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сард Аддис-Абеба бүслэлтээ буулгалгүй, энэ улирлын тариалалтад зориулж Тыграй руу бага хэмжээний бордоо, хүнс, эм оруулсан гэнэ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт хязгаарлагдмал хэмжээгээр ч гэсэн Тыграйд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах боломж олгон, таван сарын түр эвлэрэл тогтоосны төлөө олон улсын байгууллагуудаас магтаалын үгс сонссон нь ТАЧФ-д хангалттай санагдсангүй. Этиопын арми Тыграйг бүслэн хаахын сацуу маш бага хэмжээний тусламж үзүүлж буй бөгөөд өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байна хэмээн фронтынхон дүгнэхэд хүргэжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр хэдэн арван мянган хүнд тусламж хүргэсэн хэмээн мэдэгдээд, энэ нь дэмжлэг шаардлагатай 4.8 сая оршин суугчид хүрэлцэхгүй ч боломжийн дэм болсон гэв.
ТАЧФ-ын удирдагч Дебрецион Гебремикаэль байлдааны ажиллагаа дахин эхлэхийн өмнөхөн олон улсын удирдагчдад илгээсэн ил захидалдаа “Хаашаа ч харсан үхэл биднийг хү¬ лээж байна. Өлсөж үхэх үү, эсвэл өөрсдийнхөө төлөө тэмцсээр амиа нэр төртэй өргөх үү гэдэг нь бидний сонголт” хэмээн бичжээ. Тыграй хотын оршин суугчид өлсгөлөнгийн улмаас олноороо амьсгал хурааж байна. Яг хэдэн хүн хорвоог орхисныг хэн ч мэдэхгүй ч энэ оны эхээр Бельги тэргүүтэй олон улсын эрдэмтдийн багийн хийсэн судалгаанаас зарим тооцоог гаргаж болох аж. Тэдний мэдээлснээр дайн эхэлснээс буюу 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тус бүс нутагт хагас сая орчим хүн өлсгөлөн болон түүнтэй холбоотой шалтгаанаар амьсгал хураажээ.
ОЛОН УЛСЫН ХЯНАЛТ АЛДАГДЖЭЭ
ТАЧФ 2021 оны зургадугаар сард бүс нутгийн ихэнх хэсгийг дахин хяналтдаа авснаас хойш Тыграйд Францын ARTE телевизийн зураг авалтын багаас өөр гадаадын сурвалжлагч очоогүй. Зөвшөөрөл авсан тусламжийн хэд хэдэн ажилтан хүүхдийн эндэгдлийн талаар хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүй. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтан өлсгөлөн газар авсан, эсэхийг нотлох боломжгүй гэдгээ уламжилсан байна. Тусламжийн үйл ажиллагаа зогссон учраас ойрын хугацаанд хүмүүнлэгийн сүйрэл улам газар авах бололтой. Эхний бага хэмжээний ургацаа нэг сарын дараа л хурааж авахаар байтал зэвсэгт мөргөлдөөн үргэлжилбэл хямрал цаашдаа сүйрэлд хүргэх төлөвтэй гэнэ.
ТАЧФ-Д УЛС ОРНОО УДИРДАХ ХОЛБООТОН БАЙХГҮЙ
Этиопын Агаарын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт Мэкэле хотыг бөмбөгдөв. Үүнд хүүхдийн цэцэрлэг өртөж, долоон хүн, тэдний дотор гурван хүүхэд амь үрэгдсэнийг эмнэлгийн ажилтнууд мэдээллээ. Засгийн газар нь эл мэдээллийг няцааж, зөвхөн цэргийн объектуудад цохилт өгсөн гэв. Агаарын цохилт өгсний хариуд Тыграй НҮБ-ын шатахуун тээвэрлэсэн 12 хөлөг онгоцыг олзолсон нь хүмүүнлэгийн байгууллагын өндөр албан тушаалтнуудын шүүмжлэлд өртжээ.
Шатахууны талаар НҮБ-тай хэдэн сарын өмнө хэлэлцээ хийж, дөнгөж сая авч явлаа гэж ТАЧФ мэдэгдэв. Гэвч үүнийг хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулна гэдэг нь эргэлзээтэй юм. Этиопын зэвсэгт хүчин Суданы агаарын орон зайгаар дамжуулан Тыграйд зэвсэг хүргэж байсан нисэх онгоцыг устгасан гэж мэдэгдсэнийг ТАЧФ няцаав.
Тыграйтай хил залгаа байрлал руу Эритрей, Этиоп хоёрын аль аль нь томоохон анги, нэгтгэл шилжүүлэн байрлуулсан тухай мэдээлэл гарчээ. Эритрейн Засгийн газар үүнд тайлбар хийгээгүй байна. Үүний дараа буюу лхагва гарагт Тыграйн Судантай хиллэдэг баруун хэсэгт нь байлдааны ажиллагаа болж байгаа тухай мэдээлсэн аж. Тыграйн эх сурвалжуудын мэдээлснээр Кобо хотын төлөөх тулалдааны үеэр Засгийн газрын 20 дивизээс бүрдсэн томоохон хүчнийг ялж, их хэмжээний зэвсэг олзолсон гэнэ.
Этиопын Засгийн газар хохирол амссан тухай мэдээллийг няцаагаад, төрийн хэвлэлүүддээ улс орны үндэсний эрх ашгийн үүднээс хямралын үед мэдээлэлд сайтар хяналт тавихыг даалгажээ. Мөн уг Засгийн газар Кобог нүүлгэн шилжүүлснийг мэдэгдээд, тус хотоос урагш 50 километрийн зайд орших Вольдия хотод Этиопын цэргийнхэн байхгүйг уламжилжээ. Одоогоор ТАЧФ давшилтаа Этиопын нийслэлээс 200 километрийн зайтай зогсоож, өнгөрсөн жилийн тулалдаанаа давтахгүй, өмнө зүг рүү дахин хүч илгээхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Төлөөлөгч нь Вольдияг эзэлсэн тухай мэдээллийг ч няцаажээ.
Тус фронтынхны албан ёсны байр суурь гэвэл тэд нэн даруй энхийн хэлэлцээ хийхийг шаардаж байна. Хэдийгээр тэд Этиопын өмнөд болон баруун нутагт Засгийн газрын эсрэг ширүүн дайн хийж буй “Оромог чөлөөлөх арми”-тай албан ёсны эвсэл байгуулсан улс орноо удирдах холбоотонгүй аж. Тыграйн оршин суугчдын олонх нь зөвхөн газар нутгийнхаа төлөө тэмцэх ёстой гэж үздэг.
Одоогоор хэлэлцээ ямар ч амжилтад хү¬ рээгүй байна. Этиопын Засгийн газрын дэмждэг, жилийн өмнө Африкийн холбооны Элчин сайдаар томилогдсон генерал Обасанжогийн дэвшүүлсэн Эритрейг яриа хэлэлцээнд урих саналыг Африкийн болон Өрнөдийн зарим дипломатч хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Гэвч Кени улсын дотоод улс төрийн асуудлаас шалтгаалж тус улс болон АНУ-ын энх тайвны санаачилга ч өнгөрсөн сарын дундуур зогсонги байдалд орсон билээ. Учир нь Ерөнхийлөгч Кениатагийн дэмжсэн нэр дэвшигчийг Уильям Руто тус улсын сонгуульд ялсан юм. Америкийн төлөвлөгөө нь Кениатагийн хувийн оролцоонд тулгуурласан байжээ. Руто Кениатад энхийн хэлэлцээг зохицуулах ажлыг хариуцуулах бүрэн боломжтой ч Кенийн улс төрд урьдчилан тааварлах боломжгүй олон асуудал бий гэнэ.
АМЕРИКЧУУДАД Ч НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГААГҮЙ БОЛОЛТОЙ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен урьдчилсан нөхцөлгүйгөөр яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалав. Гэсэн ч сөргөлдөгч талууд түүний үгийг сонсох нь юу л бол. Абий тулалдааны талбарт их хохирол амссаны дараа хэлэлцээний ширээнд сууж сул дорой байдлаа харуулахыг хүсэхгүй. ТАЧФ-ыг террорист байгууллага хэмээн Аддис-Абеба дахин зарлажээ. Тус фронтынхон ямар ч хэлэлцээний урьдчилсан болзол болгон дайны гэмт хэрэг гэж өөрсдийн үздэг бүслэлтийг цуцлахыг шаардаж байна. Засгийн газраа өмнө нь өгсөн амлалтаасаа татгалзахыг зөвшөөрөхгүй гэдгээ ч фронтынхон мэдэгдсэн аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлууд Этиопын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг Тыграйн мөргөлдөөнийг цэргийн аргаар шийдвэрлэх боломжгүйг ээлжит удаа нотоллоо гэж АНУ-ын Тафтсын их сургуулийн Флетчерийн нэрэмжит Хууль, дипломатын сургуулийн Дэлхийн энх тайвны сангийн гүйцэтгэх захирал Алекс де Ваал бичжээ.