2021-2022 оны хичээлийн жилд олон улсын таван төрлийн олимпиадад Монголоос 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон. Монгол сурагчид олон улсын олимпиадуудаас 17 медаль, тусгай байрын шагнал хоёрыг хүртсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр олимпиадад амжилт гаргасан сурагчдад баяр хүргэн, алтан медальтныг 10, мөнгөн медаль хүртсэнийг найм, хүрэл медаль авсан хүүхдүүдийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулав. Мөн тусгай байр эзэлсэн сурагчдад гурван сая төгрөгийн шагнал олгосон байна. Түүнчлэн олимпиад зохион байгуулах хороодын үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал гардуулав. 2021 онд Монголын баг олон улсын таван олимпиадад өрсөлдөж, 15 медаль хүртэж байв. Энэ оны тухайд медалийн тоо хоёроор нэмэгдсэн. Тухайлбал, математикийн олимпиадаас тав, физик болон химийнхээс тус бүр дөрөв, биологи, мэдээлэл зүйнхээс хоёр медаль авсан юм.