Касым-Жомарт Токаев өөртөө Казахстаны Ерөнхийлөгчөөр долоон жил улиран ажиллах боломж олгохоор ээлжит бус сонгууль зарлаж, нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод өршөөл үзүүлэв. Эл жагсаалаар дөрөөлөн тэрбээр тус улсын эрх мэдлийг гартаа төвлөрүүлж чадсан билээ. Сонгууль бол Токаевын бие даасан улстөрч болж, Казахстаны анхны Төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын өв залгамжлалаас ангижрах гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна.
Хугацаанаас өмнө зарласан сонгууль нь төрийн эрхэнд 2019 онд гарсан ч, казахстанчууд Ерөнхийлөгчөө гэж үздэггүй Касым-Жомарт Токаевын эрх мэдлийг хууль ёсны болгох зорилготой юм. Хүн амынхаа дунд төдийлөн алдартай биш хэвээр ч түүнтэй өрсөлдөх хүн байхгүй. Хэдэн сарын өмнө орон даяар санал асуулга явуулсныг олон шинжээч Ерөнхийлөгчийн сонгуулийн сургуулилалт гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн ирцийг хангах чадавхын шалгалт болсон аж.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НЭГ БҮРЭН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ
Токаев Казахстаны ард түмэнд зориулсан илгээлтээс үзвэл Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ намар, парламентынхыг 2025 онд биш, 2023 оны эхний хагаст товлов. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг сунгаж, улирахгүй байхыг санал болголоо. Одоо Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь таван жил юм.
Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг бүрэн эрхээр хязгаарлах нь үндэсний хөгжлийн стратегийн зорилтуудыг шийдвэрлэхэд төрийн тэргүүний анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх боломж олгоно гэж тэрбээр үзжээ.
Гэхдээ Токаев өөрөө хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэх гэнэ. Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сард огцорсны дараа тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон. Мөн оны зун Токаев Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлаж, 70 гаруй хувийн саналаар ялсан билээ.
Токаев хэр удаан төрийн жолоо атгах нь тодорхойгүй. Хуучин хуулиар түүнд таван жил, шинэ хуулиар долоон жил, эсвэл хуучин болон шинэ хуулийн дагуу хоёр бүрэн эрхээс бүрдэх 12 жил. Ямартай ч тэрбээр байр сууриа бэхжүүлэхийг оролдож байна гэдэгт шинжээчид санал нэг буй юм.
“Энэ бол Путин, Назарбаев нарын автократ Ерөнхийлөгч нарын ихэвчлэн ашигладаг маш түгээмэл практик бөгөөд энэ нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааныхаа тодорхой хэсгийг орхисон мэт боловч үнэн хэрэгтээ дараагийн бүрэн эрхийн баталгааг өөртөө авах арга” гэж Казахстаны улс төр судлаач Димаш Алжанов BBC-гийн сурвалжлагчид ярьжээ.
“НАЗАРБАЕВЫН СҮҮДЭР”
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 оны зургадугаар сард хугацаанаасаа өмнө огцрохоо зарласнаар Токаев Төрийн эрхэнд гарсан юм. Назарбаевын сүүдэр түүнийг бараг энэ оны нэгдүгээр сар хүртэл нөмөрсөн. Олонд танигдаагүй Токаев Казахстаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Сонгуулийн өмнөхөн болон сонгуулийн дүнг зарласны дараа тус улс даяар тайван жагсаал өрнөснийг эрх баригчид нь хурдан дарсан. Жагсаалын хамгийн алдартай уриа нь “Токаев миний Ерөнхийлөгч биш” байв.
Тэрбээр сонгогдсоноосоо хойш бараг гурван жил яг л Назарбаевын бодлогыг үнэнч дагагч шиг аашилж, “Элбаси цол” болон нийслэлээ Нурсултан болгон өөрчлөх зэргээр өв залгамжлалаа хууль ёсны болгожээ.
Гэвч 2022 оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хийн үнэ өссөний улмаас Казахстанд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, үймээн самуун болон даамжирсны дараа Токаев үгээ гэнэт өөрчилсөн. Есөн хоногийн дотор чимээгүй удирдагчаас өмнөх Ерөнхийлөгчөө эрс шүүмжлэгч, улмаар цэргийн хүчээр жагсаал, цуглааныг хүч хэрэглэн дардаг нэгэн болж хувирсан юм. Нэгдүгээр сарын жагсаалын үеэр 225 хүн амиа алдаж, 5000 гаруй иргэн шархадсаны сацуу олон мянган хүн баривчлагджээ.
Энэ эмх замбараагүй байдлыг шинжээчид “Казахстаны элитүүдийн доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл” гэж үзжээ. Элбасын (Төрийн тэргүүнийг ингэж нэрлэдэг) Аюулгүйн зөвлөлийн тэргүүний албан тушаал, бүрэн эрхийг цуцалсан бөгөөд Назарбаев өөрийгөө жирийн тэтгэвэр авагч болж, Токаев бүрэн эрх мэдэлтэй болсныг олон нийтэд зарласан.
“Нэгдүгээр сараас хойш Токаев өөрийнхөө тухай олон нийтийн санаа бодлыг өөрчлөхөд идэвхтэй хөрөнгө оруулалт хийх боллоо. Үүнийг Казахстаны хэвлэл мэдээлэл, блогчид, интернэт ботууд гүйцэтгэж байна. Гэвч энэ бүх оролдлого нь Токаев жагсагчид руу гал нээх тушаал өгсөн үнэнийг өөрчилж чадахгүй” гэж Д.Алжанов тэмдэглэжээ.
“Токаевт нэгдүгээр сард болсон үйл явдлын учрыг олж, эрүү шүүлтийг шалгах бодит боломж байсан ч тэрбээр өөрт үнэнч хэвээр үлдэх хууль сахиулах байгууллагын талд зогссон” гэж улс төр судлаач, “Либерти” сангийн тэргүүн Галым Агелеулов мэдэгдсэн байна.
ӨРНӨДИЙНХӨН ЗАЙ БАРИХАД ХҮРГЭСЭН АЛХАМ
Ерөнхийлөгч нь нэгдүгээр сард Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын түншүүдээс тусламж хүссэн нь казахстанчуудын гайхширлыг төрүүлжээ. Хүсэлтийн дагуу Орос, Киргиз, Армени, Беларусийн цэргүүд Казахстанд очсон билээ. Энэ алхам нь Токаеваас өрнөдийнхөн зай барихад хүргэсэн тул олонх нь түүнийг Москвагаас тусгаар байна гэдэгт эргэлзжээ.
Эсэргүүцлийн дараа өмнөх үеийн албан тушаалтнууд, боловсон хүчнийг ажлаас нь ээлж дараалан чөлөөлсөн нь ч олон нийтэд хангалттай санагдсангүй. Гэвч Төв Азид бүхэлд нөлөөлсөн Украины үйл явдал Казахстаны дотоод асуудлаас иргэдийн ч, дэлхийн хамтын нийгэмлэгийн ч анхаарлыг сарниулав. Токаев өөрийгөө зарлан тунхагласан Донецк, Луганскийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчдаас түрүүлэн мэдэгдсэн. Ийм мэдэгдлийг зөвхөн нэр хүндээ аврахын тулд бус, Казахстаны өсөн нэмэгдэж буй эдийн засагт хүнд цохилт болж мэдэх Өрнөдийн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд хийсэн гэж шинжээчид үзэж байна.
Эх орноо орхих хүсэлтэй олон орос хүн, ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон зарим бизнес эрхлэгч Казахстаныг зорих болжээ. Тус улс аль алиныг нь найрсгаар хүлээн авахад бэлэн байгааг Токаев мэдэгдсэн билээ.
ӨРСӨЛДӨГЧГҮЙ НЭР ДЭВШИГЧ
Токаев хугацаанаас өмнөх сонгуулийн замаа хэдийн зассан. Түүнтэй өрсөлдөж чадах улстөрчид нэг бол нэр дэвших эрхгүй, эсвэл шоронд сууж байна. “Хэдийгээр Токаев Казахстанд одоогоор нэр хүндгүй байгаа ч түүнтэй өрсөлдөх хүн байхгүй” гэж Г.Агелеулов мэдэгджээ.
Шинжээчдийн “Сонгуулийн бэлтгэл” гэж нэрлэсэн бүх нийтийн санал асуулгад иргэд Токаевын санаачилсан, Үндсэн хуульд Ерөнхийлөгч, парламентын бүрэн эрхийн талаар оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн.
“Парламентын дараагийн сонгуулийг 2023 онд буюу 2024 оны товлосон байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийх байсан. Хэрэв дахин сонгогдвол Токаевт байдал давуугаар эргэж, дараагийн парламент бүрэлдэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж нээгдэнэ” гэж Г.Алжанов хэлэв.
Одоо мөрдөж буй хуулийн дагуу Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нэр дэвшигч нь төрийн албанд сүүлийн таван жил ажилласан, тус улсад 15 жил амьдарсан байх шаардлагатай. Иргэний салбар, эсвэл сөрөг хүчнээс нэр дэвших боломжгүй аж. Энэ нь сонгуулийг өрсөлдөөнгүй болгож буйг Г.Альжанов тэмдэглэжээ. “Казахстаны Ардын намын дарга Ермухамет Ертысбаев энэ удаа сонгуульд оролцохгүй. Ард түмэн дэмжиж мэдэх түүнийг нэр дэвших боломжгүй болгосон нь Токаевын өөртөө итгэлгүй байдлыг харуулж байна” гэж Г.Альжанов онцолжээ.
“ГЭМ БУРУУГАА УХАМСАРЛАСНЫГ ӨРШӨӨНӨ”
Токаев ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод өршөөл үзүүлэхээ зарлав. Казахстанд 2022 оны нэдүгээр сарын 2-нд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсагчид улс төрийн уриа лоозон барих болсон. Эсэргүүцлийн жагсаалын үеэр хэд хэдэн хот, ялангуяа Алматы хотод зэвсэг хэрэглэсэн үймээн самуун, дээрэм, тонуул гарсан юм. Казахстаны эрх баригчид тэднийг жагсагчид бус, гаднаас бэлтгэгдэн ирсэн террористууд гэж үзжээ.
“Ажил хаялтад оролцсон хүмүүс, хууль сахиулах байгууллагын ажилтнууд аль аль нь манай иргэн. Хууль зөрчсөн зарим нь гэм буруугаа ухамсарлаж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өршөөлөөр хандах нь зүйтэй гэж бодож байна” гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэж эрх баригчид үзэж буй болон эх орноосоо урвасан, төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдаж буй хүмүүст өршөөл хамаарахгүй гэв.
“НЭГДҮГЭЭР АНГИД ЗӨВХӨН КАЗАХ ХЭЛ ҮЗНЭ”
Токаев мөн Казахстаны нийгэмд өрнөж буй хос хэлтний асуудлыг хөндөж, “Бид казах, орос хэлээр чөлөөтэй ярьдаг хүүхдүүдийг өсгөх ёстой. Энэ нь залуу үеийнхний эрх ашигт нийцнэ. Боловсролын яам популистуудаар удирдуулах биш, харин хүүхдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой” гэж онцолсон байна.
Есдүгээр сарын 1-нээс Казахстаны нэгдүгээр ангид орос, англи хэл заахаа больжээ. Урьд нь нэгдүгээр ангийнхан казах, орос, англи хэл зэрэг үздэг байж. Одоо сургуулийн хичээлийн хөтөлбөрт орос хэлийг хоёр, англи хэлийг гуравдугаар ангиас нь оруулна. Гэсэн ч орос хэлээр хичээллэдэг сургуулиудад нэгдүгээр ангиасаа уг хэлийг судлах гэнэ.
2021 оны тооллогоор Казахстаны хүн амын дунд оросуудын эзлэх хувь 2009 оны үзүүлэлтээс гуравны нэгээр буурч, 23.7-гоос 15.5 хувь болжээ. Нийтдээ тус улсын оросуудын тоо өнгөрсөн жилүүдэд 800 мянгаар цөөрчээ. Хүн амын дунд казахуудын эзлэх хувь 70.4 байна. 2009 оны хүн амын тооллогоор энэ үзүүлэлт 63.1 хувь байжээ. Тэрчлэн судалгаанд оролцогчдын 80.1 хувь нь казах хэл мэддэг, 49.3 хувь нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг гэжээ.
Үүний сацуу Токаев хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 17, тэтгэврийг 27 хувиар нэмэхээр амлаж, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2028 он хүртэл дээшлүүлэхгүй гэв. Одоо эмэгтэйчүүд нь 61 наснаас тэтгэвэр авах эрхтэй.
З.Гал