Л.Өлзийтөгсийн яруу найргийн номыг франц хэл рүү хөрвүүлжээ. Эрхэм найрагч өөрийн нүүр номдоо "Гурав дахь ном минь францаар хэвлэгдсэн мэдээ хүлээн аваад сарнайн ягаан өнгөөр амьдралыг хараад ч байх шиг, сайхан зүүдэндээ жингүйдээд ч байх шиг итгэмээргүй санагдав. Өмнө нь өгүүллэгийн номыг минь францаар хөрвүүлсэн Ринчиний Мөнхзул энэ удаа яруу найргийн шилмэл түүврийг минь ийнхүү орчууллаа.
Хэвлэн гаргасан “Бореалиа” хэвлэлийн газрын захирал болох Эмили Май ерөнхий редактораар ажиллаж, франц зураач Изабель Салмон хавтсыг нь урласан байна️. Номын нэрийг Эмили өгчээ. De nuit нь “шөнө” гэсэн үг. Éclats нь “гялбаа” бөгөөд “хэлтэрхий, хэсэг” гэсэн давхар утгатай аж. Тиймээс “Шөнийн гялбаан, Шөнийн хэлтэрхий” гэх салаа утгаар ойлгож болох нь.
100 шүлэг орчуулна гэдэг үнэн нүсэр ажил. Энэ том ажлын ард гарсан авьяаслаг орчуулагчдаа, өмнөтгөл бичихийн тулд орчин цагийн монгол яруу найргийн судлаач болохоос наагуур хичээн зүтгэсэн гайхалтай редактортаа, үндэс нь аварга үзэсгэлэнт модоор номыг минь гоёсон зураачдаа, “Бореалиа” хэвлэлийн газрынхандаа МАШ ИХ баярлалаа. Мөн ном бүтээх ажилд хамтран ажилласан Edith Apelbaum, Isabelle Staehle, Christophe Demars, Solen Zaya Alexis Michel, M-D Maj нартаа гүнээ талархал илэрхийлье!. Өнөөдөр гадаа хүйтэн байгаа ч өрөөнд маань энхрий ягаан үнэр дүүрэн" хэмээн уншигч олонтойгоо баярт мөчөө хуваалцжээ.