Чехийн нийслэл Прагад болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Европын Холбооны орнууд Оросын иргэдэд виз олгохыг хориглох асуудлыг хэлэлцэв. Ингээд визийг хялбаршуулсан хэлбэрээр олгох тухай гэрээг цуцлахаар шийджээ. Энэ асуудлаар Европын улстөрчдийн санал бодол хоёр хуваагдсан байна. Балтийн орнууд болон Финланд Европын Холбооноос виз олгохгүй байхыг шаардсан бол Герман, Франц үүнийг эсэргүүцэв.
Европын Холбоо 2007 онд ОХУ-тай виз олголтыг хялбаршуулах гэрээ байгуулсан аж. Эл баримт бичгийг бүрмөсөн цуцлах улс төрийн тохиролцоонд хүрсэн гэж тус холбооны Гадаад бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ. “Энэ нь Европын Холбооны орнуудаас шинээр олгох визийн тоог мэдэгдэхүйц бууруулна. Эл үйл явц хүндрэлтэй бөгөөд удаан үргэлжилнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Хялбаршуулах гэрээг хүчингүй болгосноор Оросын иргэд Европын Холбооны визэд 35 еврогийн оронд 80-ыг төлж, виз олгоход зарцуулах хугацаа уртасна гэж “Re¬uters” агентлаг мэдээлжээ. Үүний сацуу виз мэдүүлсэн хүмүүсээс илүү олон бичиг баримт шаардах нь. Мөн визийн хүчинтэй хугацааг ч багасгаж болзошгүй гэнэ. Чех улс өнгөрсөн зургадугаар сараас оросуудад энгийн виз олгохоо зогсоож, тус холбоо даяар Оросын жуулчдад визийн хориг тавихыг шаардаж байгаа юм. Финландын эрх баригчид наймдугаар сард оросуудад олгодог жуулчны визийн тоог 10 дахин бууруулсан байна. Тэгвэл Герман болон Европын Холбооны гишүүн бусад орон, Европын комиссар Ж.Боррель ийм алхам хийхийг эсэргүүцэв. Энэ нь тус холбооны дүрмийг зөрчиж, эрх баригчдаа эсэргүүцэгчид Оросоос гарах замыг хааж болзошгүй гэжээ. “Оросын хүн амаас харилцаагаа таслах нь тус болно гэж бодохгүй байна” гэж тэрбээр хэлэв. Гэвч ОХУ болон хөрш зэргэлдээ орнууд хоорондын хилийн боомтын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, аюулгүй байдалд заналхийлж байгааг тэрбээр Прагад болсон уулзалтын дараа мэдэгджээ. “Украинд дайн болоогүй юм шиг хэчнээн олон орос хүн амралтаараа аялж, дэлгүүр хэсэж байгааг харлаа” гэж Ж.Боррель хэлэв.
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок ОХУ-ын иргэдэд удаа дараагийн болон олон жилийн виз олгохыг зогсоохыг дэмжиж байгаа. Гэсэн ч эрх баригч дэглэмээ эсэргүүцэх зоригтой хүмүүсийг Оросоос гарах боломжийг хааж болохгүйг онцлон тэмдэглэв. Энэ нь сөрөг хүчнийхэн, сэтгүүлчид төдийгүй оюутнууд ч байж болох гэнэ.
Польш, Финланд, Эстони, Латви, Литва улс Европын Холбооны шийдвэрээс үл хамааран оросуудын хилээр нэвтрэхийг хязгаарлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж “Financial times” сонин бичжээ. Тус холбоо визийн хялбаршуулсан журмаа цуцалсны хариуд Москва Брюсселийн эсрэг арга хэмжээ авч магадгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко “РИА Новости” агентлагт мэдэгдэв.
Украинд дайн эхэлснээс хойш Европын Холбоонд Оросын нэг сая орчим иргэн нэвтэрснийг Хилийн хяналтын албанаас нь мэдээлжээ.