Манай улсын ууган сургуулийн хичээлийн шинэ жилийг зарласан хонх 100 дахь жилдээ жингэнэлээ
Нэгдүгээр ангийн сурагч Х.Сүлдийг аав, ээж нь хичээлийн шинэ жилийн нээлтэд явуулахаар өглөө эртлэн сэрээхэд нойроо харамласан тэрбээр “Сургууль дээр өдөр унтуулах юм уу” гэжээ. Эцэг, эх хоёр асуултад нь хариулах ч завгүй хурдлан хүүгээ хувцаслаж аваад сургуулийнх нь гадаа нээлт болохоос нэлээд хэдэн минутын өмнө ирсэн гэнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын, энэ онд 100 жилийнх нь ой тохиож буй улсын ууган I дунд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийг сурвалжлахаар очиход таарсан анхны сурагчийн сэтгэгдэл ийм байлаа.
Тус сургуулийнхан хичээлийн шинэ жилийн нээлтээ авьяаслаг багш, сурагчдынхаа нөөцөд тулгуурлан зохион байгуулсан нь онцлохоор байлаа. Олны танил дуучид байсангүй. Сургуулийн төгсөгчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэндчилгээ дэвшүүлснийг эс тооцвол улстөрчид ч олноор бужигнасангүй. Харин Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Чингис хааны эш хөргийг сургууль хүлээж авсан. Түүнийг Сүхбаатар дүүргийн нэгэн түшмэл гардуулж өгсөн юм.
Нээлтийн ажиллагааны эхэнд Төрийн далбааг сургуулийн шилдэг хоёр сурагч, мөн нэгдүгээр ангид элсэгчдийн төлөөлөл болсон Н.Анхилуун охин гурвуул хамт мандуулсан. Шилдэг хоёр хүүхдийн нэг нь 12Б ангийн сурагч, шатрын олон улсын 15 дахь их мастер Г.Амартүвшин аж. Нөгөөх нь 12Д ангийн сурагч, улсын математикийн олимпиадын аварга М.Энхбаяр байв.
Сургуулийн өмнө зассан тайзнаа багш, сурагчид дуулж, бүжиглэх зуур тэртээ зүүнтээ 1Г ангийнхны дунд эхэнд дурдсан Х.Сүлд зогсож харагдав. Тэрбээр үүрч байсан цүнхээ газар тавьчихсан, хажууд нь гараараа шанаагаа тулчихсан сууж байв. Ядарсан бололтой. Яг энэ мөчид хажууд зогссон эмэгтэй “Ээж нь энд байна аа. Чи наашаа байн байн битгий хараад бай. Ангийнхан чинь жагсаад ороход хоцрохгүйн тулд хажуу дахь хүүхдээсээ холдохгүй, анхаарлаа сарниулахгүй тэвчээртэй зогс” гэж охиндоо хэлж байв. Үсээ ардаа боосон, ягаан цүнх үүрсэн охиных нь нэр Э.Нандин гэнэ. А.Эрдэнэзаяа багштай 1А ангийн сурагч болж буй аж. Охины эгч мөн энэ багшийн шавь байгаад өдгөө зургадугаар ангид элсжээ. Эмэгтэй “Их сайн багш. Хоёр хүүхэд минь шавь нь болох учиртай л байж. Үүнд баяртай байгаа” гэж ярив.
Байгуулагдаад 100 жил болсон сургуулийн түүх, ололт, амжилт арвин билээ. Энэ талаар хураангуйлсан мэдээллийг тайзан дээрх самбарт тасралтгүй гаргасаар байлаа. Мөн сургуулийн захирал М.Энхбат багш, сурагчид, эцэг, эхчүүд, хүндэт зочдод хандаж хэлсэн үгэндээ ч цухас дурдсан.
Хонхон дуу жингэнэхэд, нэг болон арванхоёрдугаар ангийн сурагчдыг хичээлийн танхимдаа орохыг урилаа. Бид ч Х.Сүлд хүүгийн, Д.Цэцэгмаа багштай 1Г ангийнхныг дагаж орлоо. Аав, ээжийн энхрий үрс эрдмийн аянд гарахаар сурагчийн ширээн дээр гараа анхлан зөрүүлэн суухыг харах сэтгэл хөдлөм агшин байлаа. Багш ангийнхандаа сургуулийн босгоор алхан орж сурагч болсныг нь ойлгуулаад, өнөөдрийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулахын өмнө “Бүгдээрээ өнгийн харандаагаа гаргаарай” гэлээ. Хүүхдүүд хэлснээр нь зэхэв. Харин нэг охин “Надад өнгийн харандаа байхгүй” хэмээв. Багш “За, ойлголоо” гэхийн сацуу цаасан дээр гаргаж бэлтгэсэн хөтөлбөрийг нэрсийн дагуу тарааж дуусмагцаа өөр ангид хуваарилагдсан байх магадлалтай нэгэн хүү суугааг илрүүлэв. Төд удалгүй дагуулж гараад ангийг нь олж өгөөд ирэв ээ. Энэ мөчид гол баатар Х.Сүлд рүү харахад хамт суугаа охинтойгоо ярьж сууна. Чих тавивал хоёр гараа нийлүүлчихсэн “Чи хуруугаараа ингэж тоглож чадах уу” гэж асууж байв. Тэгж байтал хоёр ч хүүхдийн цүнхийг хэзээ хойно оруулж ирэв. Иймэрхүү байдалтайгаар Монгол Улсын ууган сургуулийн 100 дахь хичээлийн жил эхлэв ээ.
Дараа нь Баянзүрх дүүрэг, Дарь-Эхэд байдаг 102 дугаар сургуулийг зорилоо. Эднийх хичээлийн шинэ жилийн нээлтээ хийгээд, нам гүмхэн болсон байв. Сургалтын менежер Г.Түмэнбаяраас мэдээлэл авлаа. Тус сургуульд энэ жил бага ангийн 751, дундын 654, ахлах ангийн 225, нийт 1630 сурагч суралцах нь. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг хүлээж авсан ч орон нутгаас шилжиж ирсэн цөөн айлын хүсэлтээр тодорхой тооны сурагч нэмж элсүүлжээ. Анги дүүргэлт дунджаар 30-35 хүүхэдтэй. Гэхдээ нэгдүгээр ангийнхан олон учир нэг бүлэгт 48 хүртэлх сурагч багтаасан гэв.
Ганцхан жил болоод сургуулиа дүүргэн, өөр өөрсдийн сонгосон мэргэжлээ эзэмшихээр их, дээд сургуульд элсэн одох сурагчидтай уулзахыг хүссэн юм. Тиймээс Д.Наранчимэг багштай 12В бүлгийнхэнтэй уулзлаа. Өглөө эртлэн Чингис хааны эш хөргийг сургуульдаа залсан хамт олон нийслэлийн Боловсролын газраас өгсөн удирдамжийн дагуу монголчуудын уламжлалт өв соёлын талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэрхэн тайлбарласныг сурагчдадаа сонсгохоор бэлтгэжээ. Багш нар компьютер, интернэт сүлжээгээ бэлтгэх зуур сурагчидтай ярилцаж амжсан юм. Тэдэнтэй “Сайн байцгаана уу” хэмээн мэндлэхэд нийтээр “Сайн” гэх нь сүрдмээр ч юм шиг мэдрэмж төрүүлсэн. Ангийн сурагчдын бараг 80 хувь нь ямар мэргэжил эзэмшихээ шийдээд байгаа нь сургууль мэргэжил сонголтын клубтэй болсны үр дүн бололтой. Сургалтын менежер энэ тухай мэдээлсэн юм. Энэ ангийн сурагч Г.Хонгоржоос Чингис хааны эш хөргийг байгууллагууд залахын учрыг товчоор тайлбарлаж өгөхийг хүсэхэд “Чингис хаан монголчуудаа нэгтгэж, улс гэрээ төвхнүүлж чадсан. Тэр үед үндэстнээрээ хүчтэй байсан. Хүчтэй байна гэдэг нь эв эетэй байхын нэр. Одоо ч гэсэн бид эвтэй бол хүчтэй байна гэсэн утгыг илэрхийлэх болов уу” гэлээ.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Чингис хааны эш хөргийг залсан. УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн гуравдугаар сургуулийн эрдмийн баярт оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, амжилт хүссэн юм.
Нийслэлийн 102 дугаар сургуулийн 12В ангийнхны 80 орчим хувь нь мэргэжлээ хэдийн сонгожээ. Тэдний дийлэнх нь инженер болох зорилготой.