Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров долдугаар сарын эцсээр Африкийн Египет, Конго, Уганда, Этиоп улсад айлчилсан юм. Энэ айлчлал хүнсний хямралаас үүдэн тус тив тун амаргүй болоод байсан үед тохиосон. Хар тэнгист үр тариа тээвэрлэх тусгай зам нээхээр Орос, Украин, Турк, НҮБ тохиролцож, наймдугаар сарын 1-нээс Украины эрдэнэ шишийг ачсан анхны хөлөг онгоц Одессийн усан буудлаас хөдөлсөн билээ. Гэвч Украины үр тариа хэрэглэгчдэдээ очтол ихээхэн хугацаа зарцуулж, африкчууд одоо хэр нь өлссөөр л байна. Лавров тэгэхэд Африкийн түншүүддээ юу амлаж, түүний айлчлал Өрнөдийг яагаад тэгтлээ бужигнуулсан юм бол?
Этиоп цар тахлаас сэхээ авч чадаагүй, өөр тивд үүссэн зөрчил тэмцэл эдийн засагт нь асар хүчтэй цохилт өгчихсөн байв. Африкийн энэ улс хэрэгцээтэй үр тарианыхаа гуравны хоёрыг Орос, Украинаас авдаг байсан чинь энэ хоёр улсын хооронд дайн эхэлснээс нийлүүлэлт үндсэндээ зогсож, хүнс, шатахууны үнэ тэнгэрт хаджээ. Этиоп улсын жилийн инфляц 34 хувьд хүрч, цаашид ч өсөх төлөвтэй байна. Өөрийнхөө хөдөө аж ахуйд тус улс найдахааргүй болчихсон, хур тунадас бага байснаас энэ онд ургац авахааргүй, эл салбарт чухал шаардлагатай шатахуун, бордооны үнэ өдөр ирэх тутам нэмэгдээд байв. Хүнсний хомсдол, хүнсний бараа, шатахууны үнийн өсөлт Африк, Хар тэнгисийн бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай Африк тивийн бараг бүх улсад нүүрлээд байлаа. Лавровын эхний зогсоол нь улаан буудайн импортоор дэлхийд дээгүүрт ордог Египет байв. Үр тарианыхаа 70 хувийг тус улс Орос, Украинаас худалдаж авна. 103 сая хүн амынх нь 70 сая нь талхаа картаар авдаг тус улсад байлдаан ямар уршиг тарьсныг хэлүүлэлтгүй. Хүнсний хямралаас үүдэн Египетийн эрх баригчид гурилан бүтээгдэхүүний үнэд тааз тогтоож, ургацынхаа 60 хувийг Засгийн газартаа худалдахыг фермийн аж ахуй эрхлэгчдэдээ үүрэг болгов. Угандад байдал үүнээс ч ноцтой байлаа. Хүнс, шатахууны үнэ нэмэгдсэнээс улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, долдугаар сарын 25-нд буюу Оросын сайдын хөлөглөсөн онгоц газардсан өдөр аж үйлдвэрийн Жинжа хотод томоохон жагсаал цуглаан болжээ. Эсэргүүцэгчид зам дээр бэхлэлт, саад босгож, дугуй шатааж, цагдаа нар луу чулуу нүүлгэж байлаа. Хүчнийхэн тэдний өөдөөс нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэж байв.
Африкт Лавровын хийсэн энэ айлчлалын гол асуудал нь үр тариа байсан гэж хэлж болно. Түүнийг Москвагаас хөдлөхөөс ердөө өмнөхөн, долдугаар сарын 22-нд итгэлийн оч улалзсан нь үр тариа тээвэрлэх хөлөг онгоцнуудад Хар далайд тусгай зам гаргаж өгөхөөр Орос, Украин, Турк улс болон НҮБ тохирсон байв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Оростой мөн санамж бичигт гарын үсэг зурж, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог нийлүүлэхэд, тэр дундаа Африк тивд хүргэхэд саад болж буй хязгаарлалтуудыг цуцлахад хүчин чармайлт гаргахаа амлав. Гэтэл Оросын цэргүүд Одессийн усан буудалд пуужингаар цохилт өгсөн гэх мэдээлэл Лавровыг Каирт ирэхээс өмнө, долдугаар сарын 23-нд дуулджээ. Истанбулд авсан үүргээ зөрчлөө гэж Москваг Киев буруутгав. Долдугаар сарын 24-нд Оросын төдийгүй гадаадын сэтгүүлчид Лавров, Египетийн Гадаад харилцааны сайдын хамтарсан мэдээллийг сонсохоор хүлээж байх зуурт шинэ мэдээ ирсэн нь цохилтыг Украины байлдааны хөлөг онгоц болон Одессийн усан буудлаас зайтай газар байсан Америкийн “Narpoon” пуужингийн агуулахад өгснөө Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Лавров сэтгүүлчдийн өмнө гарч ирээд энэ цохилтын талаар ам нээсэнгүй, харин хүнсний хямралын асуудлаарх Оросын байр суурийг нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Түүний хэлснээр бол энэ хямрал Украин дахь дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сард биш, түүнээс эрт цар тахалтай холбоотой аж. Тэгэхэд Өрнөд алт, үнэт металлаар баталгаажаагүй мөнгө олноор нь гаргаж хэд хэдэн ноцтой алдаа хийжээ. Бас нэг шалтгаан нь ногоон эдийн засагт “зохиомлоор” шилжсэн явдал гэнэ. Түүнээс гадна Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд саад хийсэн гэж сайд Өрнөдийг зэмлэв. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эсрэг үнэн хэрэг дээрээ хязгаарлалт тавиагүй ч хүнсний бүтээгдэхүүн экспортолдог компаниуд, төлбөр хийдэг “Россельхозбанк”-ийг хориг тавих жагсаалтад оруулчихсан гэж Лавров тайлбарлажээ.
Маргааш нь Конго улсад очоод Лавров мөн л Одессийн усан буудлын талаар ярилаа. Истанбулд Оросын авсан үүрэгт “цэргийн дэд бүтцийг устгах болон бусад зорилтоо хэрэгжүүлж, дайныг үргэлжлүүлэхийг хориглосон юу ч байхгүй” хэмээн тэрбээр мэдэгдэв. Түүний үгээр бол хэлэлцээрт байгаа ийм тодруулгыг НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар ч зөвшөөрсөн аж. Ийм тайлбарыг Лавров Африкт байхдаа оросоор ч, англиар ч олонтоо хэлж явсан байна. Арабын улсуудын Лигийн гишүүн орнуудын төлөөлөгчидтэй Каирт хийсэн уулзалт дээр ч, Конго, Уганда, Этиоп улсын удирдагчидтай уулзахад ч, Аддис-Абебад Африкийн холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид, гадаадын дипломат корпусынханд мэдээлэл өгөхөд ч энэ сэдэв анхаарлын төвд байсан юм.
Хүнсний хямралд Оросын удирдлагын буруу байхгүй, сүүлийн жилүүдэд Өрнөдөөс явуулсан эдийн засгийн харалган бодлого буруутай. Москва хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаа, Африкийн орнуудад амласан хүнсний бүтээгдэхүүнээ өгөх аргыг зайлбаргүй олно хэмээн Лавров тухайн бүрт нь маань шиг давтаж явав. Гадаадын сэтгүүлчид Украин дахь дайн, хүнсний хямралын талаар Оросын сайдаас цөхрөлтгүй шалгааж байсан. Угандад гэхэд тэндхийн сэтгүүлчдийн тавьсан дөрвөн асуултын гурав нь чухам энэ сэдвийг хөндөж байсан нь Лавровын дургүйг яалт ч үгүй хүргэсэн байх. “Хүнсний хямралыг энэ Орос яагаад шийдэхгүй байна гэх нэг бодол бидний толгойд байгаад байна. Амьдрал “As¬sociated press” агентлагийн гаргасан урианаас ч ямагт илүү төвөг тэй байдаг гэдгийг өмнөх асуултад хариулахдаа би харуулахыг хичээсэн юм сан” гэж зэвүүцэнгүй хэлсэн байдаг.
Лавровын Африкт хийсэн айлчлал эхлэхийн өмнөхөн Өрнөдийн дипломатчид өөр хоорондоо хэлэлцэн Москваг эсэргүүцэхийг, гол нь Оросын сайдтай ямар ч тохиолдолд зургаа хамт авхуулахгүй байхыг Африкийн улсуудын Лигийн төлөөлөгчдөөс шаардаж байсан аж. Яагаад ч юм бэ фото зургийн сэдэв Өрнөдийн хувьд ер нь гойд эмзэг байдаг бололтой. Лавровын энэ айлчлалаас өмнөхөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоан, Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси нар зургаа хамт авхуулсныг Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок “НАТО-г өдөж байна” гэж үзсэн байдаг. Гэлээ ч Арабын дипломатчид Лавровыг ихэд халуун дулаан хүлээж авсан. Украин дахь хэрэг явдал, хүнсний хямралын асуудлаар Лавров Каирт Оросын байр суурийг илэрхийлж бараг 40 минут ярихад Арабын 22 улсын төлөөлөгчид алга ташин талархаж, дараа нь түүнтэй гар барих гээд дугаарлаад зогсож байсан юм.
Конгод жижиг тосгонд байх Ерөнхийлөгчийн өргөөнд Лавровыг очход түүний эртний танил, Гадаад хэргийн сайд Жан-Клод Гакоссо угтаж авсан. Тэрбээр ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэн, оросоор тун сайн ярина. Конго улсын Ерөнхийлөгчтэй хийсэн яриа нэлээд сунжирсан.
Угандагийн Ерөнхийлөгч Йовери Кагута Мусевени ч зочломтгой зангаа гаргав. 1986 оноос улс орноо удирдсан тэрбээр Лавровтой зургаа татуулж, ийм үйлдэл хийхгүй байхыг Африкийн удирдагчдад уриалсан Өрнөдийг шоолж, “Тэд миний байр суурийг мэдэх болохоор надаас хэн ч энэ мэт юм хүсээгүй. Намайг хэн нэгэнтэй зургаа авхуулахгүй байхыг хүсэхийн тулд маш мулгуу байхаас аргагүй” гэж хэлээд инээсэн гэдэг.
Этиопт ч Лавровт бүхий л ёслол хүндэтгэлийг үзүүлжээ. Европын Холбооны дипломат бодлогыг тэргүүлэгч Жозеп Баррель “Бүх юмны буруутан нь Европын хориг гэдэгт африкчуудыг итгүүлэхээр Лавров Африкийг зорилоо. Би бол яг үүний эсрэг, хориг үүнд ямар ч хамаагүй гэж хэлэхээр Африкт очно” хэмээн өгүүлсэн байна.
Орос өчигдөр биш, хоёрдугаар сарын 24-нөөс хойш ч биш, их эрт Африкт буцаж очсон юм гэж “Африкийн ажил хэрэгч санаачилга” холбооны дарга, “Валдай” клубийн шинжээч Наталья Цайзер сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Түүний хэлснээр бол Москва нэлээд хэдэн жилийн өмнөөс Африкийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж ирсэн нь тус тивд нөлөөгөө тэлэхийн төлөө хэн нэгэнтэй өрсөлдөх зорилго агуулаагүй аж. Лавров Угандад айлчилж байхдаа Оросын шинэ гадаад бодлогын үзэл баримтлалд Африк тивийн үүрэг улам бүр нэмэгдэж байгаа нь олон талаар Өрнөдийн дарамт шахалтаас үүдэлтэй гэж хэлсэн байна.
Африкийн түншүүдтэйгээ Лавров хийсэн яриа хэлэлцээр худалдаа, эрчим хүч, цэрэг-техник, хөдөө аж ахуй, боловсрол, түүгээр ч зогсохгүй сансар судлалын салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн. Угандагийн анхны дагуулыг хөөргөхөөр Орос төлөвлөж байгаа юм. Түүнчлэн Оросын төлөөлөгчид сармагчины цэцэг өвчин илрүүлэх тест-системийг Конго, Уганда улсад өгч, аюулт өвчин үүсгэгчийг шинжлэх лаборатори байгуулж өгөхөөр тохирч, Этиопт тахал судлалын хамтарсан экспедицээ байнгын ажиллагаатай төв болгож өгөхөөр шийдсэн.
Украинд зөрчил тэмцэл эхлэхэд Африкийн олон улс “Өрнөдийн тэвэр”-т ороогүй нь Оросын сонирхлыг татаж буй юм. Гуравдугаар сарын эхээр байлдааны ажиллагааг эсэргүүцэж НҮБ-ын Ерөнхий ассемблей дээр санал хураахад Африкийн улсуудын тэн хагас нь түдгэлзсэн болон оролцоогүй юм. Тэдгээр улс дотор Конго, Уганда, Этиоп орсон. Эритрей эсрэг санал өгсөн. Африк тивийн тэргүүлэх орны нэг ӨАБНУ эхний үед Оросын цэргийг гаргахыг шаардаж байснаа дараа нь зөрчилдөөний буруутан нь НАТО гэж үзсэн.
Африкт Орос “буруу” хандаж, энэ тив ч хоригт нэгдэхгүй байгаа нь тус бүс нутгийг өөрийн геополитикийн голдирол руу татаж оруулахыг ихэд хичээж байсан Өрнөдийн дургүйг хүргэж байв. Лавровтой зэрэгцэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Африкт очиж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен наймдугаар сарын эхээр ӨАБНУ, Конго, Руанда улсад айлчиллаа. НҮБ дахь АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Линда Томас Гринфилд мөн сард Гана, Угандад очив.
Жингийн туухайг өөрийн тал руу хазайлгах гэхдээ Вашингтон зөвхөн дипломат арга хэрэглэж байсангүй. Тухайлбал, долдугаар сарын 27-нд Лавровыг Этиопт байхад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Африкийн энэ улсад 488 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсноо зарлав. Түүгээр ч барахгүй 2023 оны дундуур Санкт-Петербургт болох Орос-Африкийн дээд хэмжээний II уулзалтад нөлөөлөх зорилгоор Ерөнхийлөгч Жо Байденыг Африкийн удирдагчидтай энэ оны арванхоёрдугаарс сард уулзуулахаар бэлтгэж байна. “Дэлхийг олон улсын эрх зүй биш, харин ямар нэг “дүрэм” удирдах ёстой гэж мэдэгдээд, Өрнөдийг нэгэн дэгд оруулахыг хичээж байгаа тэр хөдөлгөөнийг дагах уу, үгүй юү гэдгээ сонгох түүхэн цаг үе ирээд байна” гэж айлчлалынхаа төгсгөлд Лавров хэлсэн юм. Энэ нь Европын Холбооны бүх улс, Азийн холбоотнуудаа АНУ өөрийн жолоонд оруулсан нэгэн туйлт ертөнцийн тухай ярьсан хэрэг. Тэгэхдээ сонголт хийхээ Африк яарахгүй байна. Европын орнууд одоо ч Африкийн улсуудын санхүүгийн эх үүсвэр нь болсоор байгаа нөхцөлд Өрнөдийн эсрэг явах нь тэдэнд төвөгтэй.
Бэлтгэсэн Р.Жаргалант