Энэ оны хоёрдугаар улиралд Энэтхэгийн ДНБ-ий өсөлт 15.2 хувьд (эхний улиралд 4.1 хувь) хүрч магадгүйг “Reuters” агентлагаас эдийн засгийн шинжээчдийн дунд явуулсан судалгааны дүн харуулав. Ингэснээр тус улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болох нь. Гэхдээ ДНБ нь ийм өндөр хувиар өсөхгүй байж магадгүй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байгаа аж.
Хоёрдугаар улирлын хурдацтай өсөлт нь тус улсын эдийн засгийн байдал мэдэгдэхүйц сайжирсан гэхээсээ илүү өнгөрсөн оны суурь нөлөөлөл бага байсантай холбоотой гэж шинжээчид үзжээ. Урьдчилсан таамгаас харвал энэ оны гуравдугаар улиралд ДНБ-ий өсөлт нь 6.2, дөрөвдүгээр улиралд 4.5 хувь болж буурах бололтой.
“Энэтхэг улс хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засаг хэвээр байгаа хэдий ч тус улсын хэрэглээний эрэлт цаашид өсөлтийг хангах хангалттай хүч болж чадахгүй байж болзошгүй. Тус улсад ажилгүйдэл өндөр хэвээр, бодит цалин урьд өмнө байгаагүй доод түвшинд байна” гэж үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын “Societe generale” компанийн эдийн засгийн шинжээч Кунал Кунду мэдэгдэв.
“Bloomberg”-ийн тооцоолсноор Энэтхэгийн “Adani” группийг үүсгэн байгуулагч, тэргүүн Гаутам Адани дэлхийн хамгийн баян гурван хүний нэг болжээ. Түүний хөрөнгө одоо 137.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь саяхныг хүртэл дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байсан Францын бизнесмен Бернар Арногийнхоос 1.5 тэрбумаар их аж. Эхний хоёрт Илон Маск (251.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), Жефф Безос (153.4) нар бичигджээ. Г.Адани дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний гуравт орсон Азийн анхны бизнес эрхлэгч болов. Түүний групп түүхий эд, тухайлбал, нүүрс, алмаазны худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлсэн аж. Уул уурхай, эрчим хүч, цементийн үйлдвэр, дата төвүүдтэй, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлдэг тус группийн худалдаа, боомтын үйл ажиллагаа нь одоо гол бизнес нь болжээ. Энэ жил Гаутам Аданигийн хөрөнгө нэмэгдсэнийг шинжээчид түүхий эдийн ханшийн өсөлт, Өрнөдийн тэргүүлэх корпорацуудын үнийн санал буурсантай холбон тайлбарлаж байна. Зөвхөн энэ онд түүний хөрөнгө 60 тэрбум доллароор нэмэгджээ.