Иракийн нийслэл хотын төвд байрлах “ногоон бүсэд” зэвсэгт мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо 20-д хүрч, 300 гаруй хүн шархадсан тухай “Al Jazeera” телевиз мэдээлэв. Улс төрөөс гарч байгаагаа зарласан шиитийн имам Муктада ас-Садрыг дэмжигчид төрийн байгууллагууд болон гадаадын Элчин сайдын яамд байрладаг Багдадын “ногоон бүс”-ийг эзэлж, Ерөнхийлөгчийн ордныг бүслэн, уг барилга руу нэвтэрчээ. Өнөөг хүртэл Иракийн хүчнийхэн галт зэвсэг, нулимс асгаруулах хий хэрэглээд ч хотын энэ хэсгийг жагсагчдаас чөлөөлж чадаагүй байна. Буун дуу, миномётын сум тэсрэх чимээ үе үе сонсогдож байгаа гэнэ. Тус улсын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, цэргийн ангиудыг Багдад руу татаж байна. Аюулгүй байдал алдагдаж, нөхцөл байдал хүндэрсэн тул Иракийн Засгийн газар мягмар гаргийг ажлын бус өдөр болгон зарлажээ.
Шиит шашны болон Иракийн улс төрийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, олон сая дагагчтай Муктада ас-Садр дэмжигчдийнхээ эсэргүүцлийн ажиллагааг зогсоохын тулд өлсгөлөн зарласан байна. Үүний өмнө Ерөнхий сайд Мустафа аль-Казими төрийн байгууллагуудын байрнаас дэмжигчдээ гаргахад туслахыг Муктада ас-Садраас хүсжээ. Гэхдээ тэрбээр Иракийн Ерөнхий сайдын уриалгад олны өмнө хариу өгөөгүй гэнэ.
Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр Садрыг дэмжигчид Засгийн газраа огцрохыг шаардаж байна. Үүний өмнө тэрбээр 2013 онд АНУ тус улсад түрэмгийлснээс хойш Иракийн улс төрд оролцсон бүх хүнийг албан тушаалаа орхихыг уриалсан юм. Ирак дахь Кувейтийн ЭСЯ иргэдээ тус улсаас гарахыг уриалжээ. “Ногоон бүс” дэх АНУ-ын ЭСЯ түгшүүр зарласан. Мөн Нидерландын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд Германы ЭСЯ-ны байр луу шилжин байрласан гэнэ. Аюултай нөхцөл байдал үүссэнийг НҮБ-ын Иракт туслах төлөөлөгчийн газраас зарлаад, болгоомжгүй алхмаас зайлсхийхийг сөргөлдөгч талуудад уриалав.