Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотын нийт 20 цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ жил хоолны шим тэжээлийн ойлголт, дадал зуршлын талаар мэдлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан энэхүү арга хэмжээ нь эрүүл хооллолтын зан үйлийн талаарх мэдлэгийг хүүхдүүдэд багаас нь өгөх зорилготой аж. Түүнчлэн цэцэрлэгүүдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахад чиглэжээ. Үүний хүрээнд дээрх байгууллагууд хамтран цэцэрлэгүүдийн 147 аргазүйч, багшийг сургалтад хамруулжээ. Тэд цэцэрлэгийн хөтөлбөрт шим тэжээлийн талаар хэрхэн тусгах, тэр дундаа хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн арга зүй, технологийг сургалтдаа яаж ашиглах зэрэг чиглэлээр мэргэшээд буй гэнэ. Үүнд хамрагдсан аргазүйч, багш нар сурсан мэдсэнээ цэцэрлэгтээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад ажилтанд мэдлэг, ойлголт түгээх чиглэлээр ажиллах нь. Уг сургалтыг ирэх онд үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Энэ удаагийн сургалтад хамрагдсан 147 аргазүйч, багш ирэх онд туршлагаасаа хуваалцаж, эрүүл хооллолт, шим тэжээлийн асуудлыг цэцэрлэгийн хөтөлбөрт тусгаснаар ямар үр дүн гарсныг тайлагнахаар төлөвлөжээ.