Улаанбаатарт энэ хичээлийн жилд сургуулийн 286 автобус явуулахаар бэлтгэл хангажээ. Тодруулбал, төрийн өмчийн 37 сургуульд 66, хувийн хэвшлийн 65 сургууль 220 автобусаар сурагчдаа тээвэрлэх юм байна. Цаашид төрийн өмчийн сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны тоог 50-иар нэмэх гэнэ. Үүний талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн захиалгаар хүүхдийн 50 автобусыг БНХАУ-аас оруулж ирэхээр болсон. Есдүгээр сарын 30-ны дотор оруулж ирнэ” гэж мэдээлэв. “Сургуулийн автобус” төслийн хүрээнд манай улс 2020 онд БНХАУ-аас 75 автобус авахаар болжээ. Үүнээс өнгөрсөн хичээлийн жилд зургааг нь ашиглаж байсан аж. Цар тахлаас улбаалсан хил гаалийн хязгаарлалтаас болж автобуснуудыг оруулж ирэх хугацаа удааширсан гэж албаныхан тайлбарлаж буй юм. Ташрамд дурдахад, замын түгжрэлийн улмаас өнгөрсөн жил хотын төв дэх зарим сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчилсөн. Хотын төв хэсэг, тэр дундаа Их тойруу орчмын төрийн өмчийн 23, хувийн хэвшлийн 36 сургууль үүнд хамрагдсан юм. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал 07.00-09.00 цагт 28.4 хувиар буурсан гэнэ. Тиймээс уг зохицуулалтыг энэ жил ч үргэлжлүүлэн мөрдүүлэх саналаа нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Уг саналыг энэ долоо хоногт багтаан эцэслэн шийдэх аж.