ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬД ЗАХИРАГДАХ ЗАРЧМАА БАРИМТЛАН ШИЙДВЭР ГАРГАСАН
-Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 15-нд гаргасан тогтоолын талаар янз бүрийн байр суурь хөвөрч байна. Энэ байгууллагыг удирдаж байсан хүний тань хувьд эхлээд Цэцийн тогтоолыг юу гэж бодож буйг тодруулъя.
-Би Үндсэн хуулийн цэцэд хоёр зуун дамжин ажилласан учраас энэ байгууллагыг доторлохгүй ч гадарлана. Хоёрдугаарт, би олон улсын, Үндсэн хуулийн болон харьцуулсан эрх зүйн онолын хичээлийг одоо болтол зааж байгаа. Үндсэн хуулиар өдөр тутам амьсгалж байна гэх нь хаашаа юм, энэ сэдвийг судалдаг, ажигладаг. Мөн би нам бус гэдгээ юуны урьд дурдъя.
Үүсээд буй асуудлын талаар ярихын тулд жаахан цаанаас эхэлье. Манайх 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан гэж ярьдаг. Гэтэл 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд манай улс тусгаар тогтнолоо зарласан. Энэ үеэс Үндсэн хуульт ёс гээч зүйл бий болсон юм. 1924 оны Үндсэн хуулийг баталтал 400 гаруй актыг Богд хаан баталсан байдаг. Одоо л Үндсэн хуулийг тойроод бужигнаад байгаа юм биш. Тухайн үед ч хөл хөдөлгөөн болж л байсан. 1924 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүхтэй. 1940 оны Үндсэн хуульд 1949 онд их том нэмэлт, өөрчлөлт оруулсан байх жишээтэй. 1992 оны Үндсэн хуульд 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. УИХ үүнийг хийхдээ процедурын алдаа гаргасан гэж Цэц шийдсэн ч парламент 2000 онд шийдвэрээ баталсан юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн буруу гэж үзсэн шийдвэрийг 20-иод жил мөрдлөө. Ингээд 2019 онд “дордуулсан” долоон өөрчлөлтийн зургааг нь хүчингүй болгосон. УИХ “том алдаагаа заслаа” гэж сүржин яриад яах вэ, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн хэрэг. 2019 онд Үндсэн хуульд нэлээд олон зүйлийн нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байсан ч бүгдийг нь батлаагүй.
Одоогийн Үндсэн хууль 6350 үгтэй. Үндсэн хуулийг ийм жаахан юм гэж ойлгодог. Энэ бол дангаараа Үндсэн хууль биш. 1992 онд баталсан Үндсэн хуулиас гадна есөн зүйл бүхий хавсралт хууль, нэмэлт, өөрчлөлтүүд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж, мөрдөхөд шилжих журмын тухай хууль (2019), Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульд тооцогддог. Эдгээрийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц гэдэг. Энэ бол Үндсэн хуулийн үндсэн зарчим юм. Үндсэн хуулийн 64.2-т “Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэсэн нь Цэц, түүний гишүүн хууль баримтлахгүй гэсэн үг. Гагцхүү Үндсэн хуульд захирагдах зарчмаа баримтлан сая Цэц их суудлын хуралдаанаас шийдвэрээ гаргасан. Цэц сая ажлаа л хийсэн. Дарга нь байсан болоод ингэж хэлж байгаа юм биш. Цэц хийдэггүй ажлаа хийчихлээ гэж яриад байна. Дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтэц буюу зарчмыг бүрдүүлж буй тэр олон баримт нийлж байж цогц ойлголт бий болгож байгаа юм. Эдгээр нь өөр хоорондоо уялдаатай учраас өөр “дугуй” тавьж болохгүй. Гэнэтийн бөгөөд анхны шийдвэр ч бас биш. 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг МАХН, МҮАН, МСДН, МҮДН гэх мэт нам нийлж хийсэн. Тухайн үед үүнийг Цэц хянаад хүлээж авахгүй байсаар атал мөрдчихсөн. Сая яг үүн шиг л хянасан. Цэц Үндсэн хуулийг л барих ёстойгоос бус, хэн нэгний даалгаврыг биелүүлэх учиргүй.
МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН БОХИР ОРЧНООС ЦЭВ ЦЭВЭРХЭН ХҮН ГАРЧ ИРЭХГҮЙ
-Гэхдээ л Цэцийг захиалгаар ажилладаг, үе үеийн эрх баригчдад үйлчилдэг гэх шүүмжлэл шинэ биш юм.
-Цэцийн гишүүн бизнестэй холбоотой шийдвэр гаргадаггүй учраас энэ талын нөлөө байдаггүй. Харин улс төрөөс нөлөөлж, халдах гэдэг. Нэгэнт нөлөөнд орчихсон Цэцийн гишүүн нөгөө хүмүүсийнхээ үгийг сонсох гээд байдаг. Ямартай ч Цэцийн гишүүд бүгд хуульч байх албагүй ч эрх зүйн дээд боловсролтой байх ёстой. Мордохын хазгай гэдэг шиг эрхзүйч биш хүмүүсийг Цэцэд оруулж ирснээс шүүмжлэл дагуулсан. Цэцийг анх байгуулахад 40 наснаас дээш хүнийг гишүүнээр нь томилох шаардлага тавьсан юм. Гэтэл энэ насан дээрээ Цэцийн гишүүнээр ажиллах залуу хүн байгаагүй. “Ардчиллын” гэх тодотголтой залуучуудаас хамгийн хөгшин нь 39-тэй байх жишээтэй. Нөгөө талаас намын Төв хороо гэх мэт байгууллагад дээгүүр алба хашиж байсан хүмүүс ажилгүй болсон үе. Тэгэхэд олон хүний нүдэнд Цэц харагдсан байх. Үндсэндээ намын Төв хорооныхон Цэцэд цуглачихаж байгаа юм. Гэхдээ томилъё гэсэн ч тэднээс өөр хүн байгаагүй.
Харин Цэцийн гишүүнээр томилуулахаар Дээд шүүхээс санал болгосон хүмүүс бүгд эрхзүйч мэргэжилтэй. Эрхзүйч биш хүмүүсийн олонхыг парламентаас оруулдаг. УИХ-д байсан, хууль баталж байсан учраас хуулийн мэдлэгтэй гэх байдлаар томилдог шиг байгаа юм. Ерөнхийлөгч нар ч дэргэдээ байдаг, ойр хүмүүсээ Цэц рүү явуулдаг. Цэцийн гишүүнд Үндсэн хуулиар тавигддаг шалгуур болох “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” гэдгийг хоёр тусдаа зүйл гэж ярьдаг. Би намын мэдрэмжгүй, гэхдээ улс төрийн мэдрэмж өндөр. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн улс төрийн мэдрэмж байхгүй бол ажлаа хийж чадахгүй. Гэхдээ УИХ-ын туршлагатай гишүүнийг Цэцийн гишүүнээр томилж болох ч Үндсэн хуулийг барьж, бие дааж ажиллаж сурах хэрэгтэй. Тэгээгүйгээс болж Цэцийн нэр хүндийг унагаж байна. Гэхдээ энэ байдал арилахгүй. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг Цэцэд янз бүрийн л хүмүүс байна. Одоогийн есөн хүнийг гөвлөө гээд дараагийнх нь бүгд л адил. Монголын өнөөгийн шилжилтийн, донсолгоотой, бужигнасан, бохир орчноос цэв цэвэрхэн хүн гарч ирэхгүй. Монголын улс төрийн амьдрал ойрын 50 жилдээ жигдрэхгүй.
-Цэцийн гишүүд нөлөөнд автахгүй ажиллахын тулд яах ёстой юм бэ?
-Шударга, үнэнч бай, Үндсэн хуульдаа захирагд.
ПАРЛАМЕНТ, ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ХООРОНДЫН ХАРИЛЦАА СӨРГӨЛДӨӨНТ ШИНЖТЭЙ
-УИХ, Цэц хоёрын харилцаа тун ээдрээтэй байна. Ялангуяа хууль тогтоогчид Цэцэд хамаг л муу хүмүүс үүрлэчихсэн мэтээр ярьж буйд та эмзэглэж байна уу?
-Цэц өнгөрсөн хугацаанд 3600 орчим өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт хүлээж авсан юм байна. Тэдгээрээс 300 орчимд нь дүгнэлт, тогтоол гаргажээ. Ингэхдээ 60 гаруй хувь буюу УИХ-ын 180 шахам хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ бол их тоо. 1990-ээд оны эхээр манайхтай хамт Зүүн өмнөд Ази, Төв болон Зүүн Европын орнуудад Үндсэн хуулийн шүүхийг олноор байгуулсан. Тэдгээрийн дийлэнх нь парламентаа хянадаг. Гэтэл парламентаа хэт хяналаа гээд Польшийн Үндсэн хуулийн шүүхийн энэ эрхийг хязгаарлах гэтэл ард түмэн нь эсэргүүцсэн. Киргизэд Ерөнхийлөгч Р.Отунбаеваг өмөөрлөө гээд Үндсэн хуулийн шүүхээ татан буулгасан тохиолдол бий. Энэ мэтээр Үндсэн хуулийн шүүхээрээ оролдох явдал улс орнуудад гарсаар буй. Ер нь парламент, Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа сөргөлдөөнт шинжтэй байдаг. Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр Цэцээс цөөн хэдэн удаа л гарсан.
-2016 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхад тань огцруулсан. Тэр үеийн Цэц, УИХ-ын харилцаа бас туйлын сөргөлдөөнтэй, хурцадмал байсан шүү дээ.
-Намайг жийп машинаар шалтаглаж огцруулсан. Тухайн үед Оросын Үндсэн хуулийн шүүхийн дарга манайд ирэх гэж байлаа. Надаас өмнөх дарга нар хөдөө явахад хэрэглэх унаа өгөөч гэсэн хүсэлт тавьчихаад байсан юм билээ. Цэцийн байрны доод давхарт зогсоол байдаг ч тэндээ тавих нэг ч машингүй. Ингээд сайд нарын унадаг хуучин машинуудаас нэгийг Цэцэд хуваарилчихаж. Тэндээс энэ асуудлыг босгож тавьсан. Энэ бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хийсэн ажил л даа. Мөн “Ард түмэнд ипотекийн зээл өгөх гэсэн чинь Цэц шийдвэр гаргаад болиулчихлаа” гэж баахан ярьсан шүү дээ. Уг нь Цэц иргэний хувийн эрхийг хамгаалж шийдвэр гаргасан юм. Тэрийг нь ипотектэй холбоод мушгисан. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал босож, Цэц дээр ирэх нь тодорхой болонгуут Ж.Амарсанааг Цэцийн даргаас нь буулгах хэрэг гарсан. Уг нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиа баримталсан бол Цэцийн гишүүд нь намайг огцруулах хүсэлтээ гарын үсгээ зурж, Дээд шүүх рүү илгээх ёстой байсан юм. Улмаар Дээд шүүхийн нийт шүүгч хуралдаж гаргасан шийдвэрээ УИХ руу явуулах ёстой. Гэтэл УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас Дээд шүүхэд хандсан байдаг.
-Цэцийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг байгуулсныг УИХ-ын дарга ээлжит бус чуулганы эхэнд онцоллоо. Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д ойрын үед өргөн барихыг даалгасан.
-Өмнөх парламентуудын үед ч ярьж л байсан. Хаячихаад л явчихдаг. Дараагийнх нь бас л ярьдаг. Хамгийн гол нь УИХ Цэцийг үгэндээ оруулах гээд байгаа юм. Цэцийн эцсийн шийдвэрийг УИХ хэлэлцээд, хүлээж аваагүй тохиолдолд хууль нь хүчин төгөлдөр үйлчилнэ гэх агуулгатай төсөл боловсруулж байна гэж ч ярих шиг. Ингэж болохгүй шүү дээ. Тэгвэл Цэц сагсан бөмбөгийн холбооноос ялгарах зүйлгүй болно.
УИХ, Засгийн газар баталсан хууль, тогтоолоо хүчингүй болгож, нэмэлт, өөрчлөлт оруулж болдог. Харин Цэц болон Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг, засварладаггүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал буюу улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод бодлогоос шалтгаалан гарч ирсэн хүчин зүйлтэй холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулах, засах хоёр нөхцөл бий. Үндсэн хууль уншиж барахгүй том зүйл биш. Үүгээр хүний эрх, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, гадаад бодлого гэсэн гуравхан асуудлыг шийддэг. Зарчмын томоохон өөрчлөлт орвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж болдог. Хоёрдугаарт, дахин хянадаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ бүтцэд өөрчлөлт оруулбал шинэ Үндсэн хууль батлахаас аргагүй, хүний үндсэн эрхэд гар хүрч болохгүй гэх мэтээр заачихсан.
Б.ЧИМИД БАГШ УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ТУСДАА БАЙХ ЁСТОЙГ АНХААРУУЛСАН
-Сая ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Цэцийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оролдох эрхгүй болгосон. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Тэгсэн. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зарим засвар хийсэн. Сая ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг заслаа. 1999 онд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэдэг нэртэй акт баталсан юм. Дараа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан. Сая “зөвхөн хуулиар” гэснийгээ байхгүй болгочихож буй юм. Цаад санаа нь “Цэц бол хууль Үндсэн хуулийг зөрчсөн, эсэхийг хянахаас бус, нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхгүй” гэх агуулгатай. Тиймээс тэр хуулийг нь хүчингүй болгох ёстой. “Зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулна” гэснийг нь сэргээж болно. Үндсэн хууль гэж юуг хэлээд байгааг би дээр тайлбарласан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө үстэй дээл өмсөөд, нүүрэндээ баг зүүчи хээд “давхар дээл” байх ёсгүй” гээд явж байсан хүмүүс одоо яаж байгааг хар л даа. Энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн юм шүү дээ. 1992 онд хэлэлцэж байхад л Б.Чимид багш УИХ, Засгийн газар хоёр тусдаа байх ёстойг анхааруулсан.
-Цэц сая тогтоол гаргахдаа УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдлаа гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Үндсэн хуулийн бүтцийн талаар бүр эхэнд тайлбарласан. Тэнд Цэцийн шийдвэр байгаа биз дээ. Хууль тогтоох эрх мэдэлд хуруу дүрж л байна шүү дээ. Өөрөө хууль тогтоохгүй ч хэрэглэх шатанд нь хуулийг тайлбарлаад, Үндсэн хуулийг боловсронгуй болгох, цэгцлэх ажилд оролцож байна гэсэн үг.
-УИХ-ын гишүүн сайдаар ажиллах тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Бүх сайд нь УИХ-ын гишүүн байвал Засгийн газрын ажил урагшлахгүй. Холимог байвал зүгээр. Өмнө байсан “давхар дээл”-тэй дөрвөн сайдынхаа тоог нэмнэ л биз. Сайд-гишүүн гэдэг чинь жигтэйхэн том эрхтэй. Халаасанд нь мөнгө, санхүүгийн эрх мэдэл байдаг. УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ гээд хараат бус ажиллах нь юу л бол. Хүний тоо өсөөд байгаа учраас төлөөллөө нэмье, цөөхөн учраас гишүүд нөлөөнд автаад байна гэдэг аргумент нь буруу. Америкт лобби хийхэд зориулж хэчнээн тэрбум ам.доллар гаргаж байна. Тэр олон холбоо, байгууллагын хүсэлт, эрх ашгийг хангаж чадахгүй учраас саналаа нэгтгэж ажиллахыг шаарддаг. Тухайн хуулийг сурталчилж, боловсронгуй болгох талаар саналаа боловсруул, судалгаа хий, түүнийгээ нэгтгэн парламентад тавь гэдэг. Энэ нь парламентын гишүүдийн ажилд туслахаас гадна тухайн бүлэг, байгууллага, холбоодын эрх ашгийг нэгтгэх ач холбогдолтой. Ингэж парламентын гаднаас бодлого, шийдвэрт нь нөлөөлдөг бол манайд лобби нь дотроо, нэг өрөөнөөс нөгөө өрөөнд, өрөөнөөс зоогийн газарт, зоогийн газраас саунд өрнөдөг. Манайд эсрэгээрээ яваад байна.