Ерөнхий боловсролын 30 сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн хоолзүйч ажиллуулахаар болжээ. Үүнээс эхний ээлжид нийслэлийн 25, 55, 63, 70, 116 дугаар сургуульд ажиллах хоолзүйчдийг сонгон шалгаруулж, мэргэшүүлэн бэлтгэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Бүртгэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна. Үүнд хамрагдах хоолзүйчдэд тухайн сургуульдаа таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах шаардлага тавьжээ. Сургуулиудад ажиллах хоолзүйч нь хоол, хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх ёстой аж. Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг зохион байгуулж, тэнцсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд хуваарилах гэнэ. Хоолзүйчид нь сурагчдын хоол, хүнсний аюулгүй байдал, стандартыг хангуулах чиглэлээр ажиллах юм.