Ойрын өдрүүдэд манай орны нийт нутгаар хур тунадас элбэг орсонтой холбоотойгоор томоохон гол, мөрнүүдийн усны түвшин эрс нэмэгдэж, үерлэжээ. Цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээлснээр Хархираа, Хэрлэн, Улз голын ус ихэнх хэсгээрээ үерийн түвшнийг 5-20 см-ээр давжээ. Харин Улз гол адаг хэсгээрээ буюу Дорнод аймгийн Чойбалсан, Чулуунхороот сум орчимд үерийн аюултай түвшнийг 15 см-ээр давсан нь тухайн өдрийнхөө хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв. Түүнчлэн Дэлгэрмөрөн, Орхон, Идэр, Халх, Хариг, Ховд, Түргэний голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-25 см-ээр нэмэгджээ. Харин Сэлэнгэ мөрнийх адгаараа 5-10 см-ээр дээшилсэн байна. Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн, маргааш баруун аймгуудын зарим, төв болон говийн бүсийн баруун хэсгээр бороотой. Харин ням гарагт баруун аймгуудын зүүн, төв болон говийн нутгийн зарим газраар хур тунадас орох төлөвтэй аж. Иймд дээр дурдсан болон бусад гол, мөрний сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа. Тэрчлэн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр газар тариалангийн бүс нутагт цас орж, хөрсөн дээр цочир хүйтрэх магадлалтай тул ургац хураалтыг тохиромжтой хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, техникийн бэлэн байдлыг хангах зэрэгт анхаарахыг холбогдох байгууллагуудаас сануулжээ.
Бэлтгэсэн И.Мишээл