“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” компанийн хувьцааны 49 орчим хувийг худалдаж авах саналыг “Rio tinto” групп өнгөрсөн гуравдугаар сард тавьсныг бид мэдээлсэн. Уг саналаас татгалзаж буйгаа “Turquoise hill resources” саяхан мэдэгдсэн билээ. Тэгвэл “Rio tinto” групп нэгж хувьцааг нь 40 канад доллароор худалдан авах саналыг дахин тавьсан тухайгаа цахим хуудсандаа мэдээлэв. Эргэн сануулахад, таван сарын өмнө нэгж хувьцааг нь 34 канад доллароор (нийт 2.7 орчим тэрбум ам.доллар) худалдан авахыг санал болгосон бол дүнг нь ийн ахиулаад байна. Энэ нь Торонтогийн хөрөнгийн бирж дэх тухайн үеийн хаалтын ханшаас нь 32 хувиар өндөр дүн гэж байсан юм. Тэгвэл худалдан авах саналын дүнгээ өсгөснөөр нийт 3.1 тэрбум “ногоон” болно гэдгийг дурджээ. Уг мэдээлэл цацагдсаны дараа доошлоод байсан “Turquoise hill resources”-ийн хувьцааны ханш өслөө. Сонирхуулахад, “Rio tinto” групп нь “Turquoise hill resources”-ийн 51 орчим хувийг (102.1 сая ширхэг хувьцаа) эзэмшдэг билээ. Өөрөөр хэлбэл, хэрэв хувьцаа эзэмшигчид дээрх саналыг зөвшөөрсөн бол “Оюутолгой”-н 66 хувийг “Rio tinto” групп эзэмших байв. Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” нь “Rio tinto”-гийн шууд бус эзэмшлийн компани юм. Энэхүү түншлэлийн өмнөөс “Оюутолгой” төслийн менежментийг “Rio tinto” групп хариуцдаг.
Бэлтгэсэн Б.Сонор