Мөнгөнийхөө ихэнхийг Украин руу илгээж байгаагийн улмаас НҮБ дэлхий даяарх хүмүүнлэгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон тухай “New York times” сонин даваа гарагт мэдээлэв. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс “Бидэнд урьд өмнө тохиож байгаагүй санхүүгийн хамгийн том хомсдол нүүрлэлээ. Энэ нь тусламж дэмжлэг авах шаардлагатай эмзэг хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр НҮБ-ын агентлагууд энэ онд 200 сая гаруй хүнд туслахад 48.7 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Гэвч өнгөрсөн долоон сарын хугацаанд тус байгууллага энэ мөнгөний гуравны нэг хүрэхгүй хувийг бүрдүүлж чаджээ.
Санхүүжилтийн дийлэнх хувийг АНУ, Европын Холбооны орнууд, тус тивийн зарим улс, Япон, Канадаас НҮБ-д олгодог аж. Үүний сацуу хандивлагч улсууд тусламжийн хуваарилалтыг НҮБ-д даатгадаг ч ихэнхдээ туслах гэж буй тодорхой хөтөлбөр, улс орнуудыг нэр цохдог гэнэ. Санхүүжилтийн ихэнхийг Украин руу чиглүүлж буй ч Сири, Афганистан, Ливи, Мьянмарын оршин суугчдад ч тусламж шаардлагатай байна гэж Олон улсын хамтын нийгэмлэг тэмдэглэжээ. НҮБ-ын төлөөлөгчдийн үзэж байгаагаар хандивлагч орнууд бусад улсын оршин суугчдад ч мөн адил өгөөмөр сэтгэл гаргах хэрэгтэй юм.