Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг батлаад найм, хэрэгжүүлж эхэлснээс хойш дөрвөн сар орчмын хугацаа өнгөрлөө. Уг хуульд зааснаар бол иргэний нэрээс авхуулаад оршин суугаа хаяг, төрсөн газар, хөрөнгө, боловсрол, цаашлаад хурууны хээ, эрүүл мэнд, шашин шүтлэг нь хүртэл хувийн мэдээлэлд хамаарах юм. Эдгээрийг хуульд тусгаснаараа хэн дуртай нь дээрх мэдээллүүдийг иргэдээс шаардахгүй, зөвшөөрөлгүйгээр цуглуулахгүй, ашиглахгүй, олон нийтэд дэлгэхгүй байх эрх зүйн орчин бүрдсэн. Гэтэл өдий хүртэл эл хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй, дагалдуулан гаргах журмуудыг нь ч батлаагүй байна.
РЕГИСТРИЙН ДУГААРАА ЯАХ ВЭ
“Хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хамааруулна” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т заажээ. Уг хуульд дурдсанаар хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах тохиолдолд тухайн иргэнээс заавал зөвшөөрөл авах учиртай. Зөвшөөрөл нь бичгээр, эсвэл цахим хэлбэртэй байх юм. Энэ заалт өдгөө хэрэгжиж байна уу.
Дээр дурдсан хувийн мэдээллийн ихэнх нь иргэний регистрийн дугаарт агуулагддаг. Тухайлбал, тухайн хүний төрсөн газар, он, сар, өдөр, хүйс зэргийг регистрийн дугаараар нь төвөггүй мэдэж болдог. Ийм учраас иргэдийн регистрийн дугаарыг аль нэг хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж ашиглах бол заавал зөвшөөрөл авах учиртай. Гэтэл ингэж зөвшөөрөл авдаг жишиг тогтоогүй л байна. Жишээлбэл, төрийн гомдол, мэдээллийн “11-11” төвд хандан санал, гомдол гаргахад регистрийн дугаар шаарддаг. Мөн төрийн үйлчилгээний гомдол, мэдээлэл авдаг бусад сувагт хандахад ч ийм шаардлага тавьсаар байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төр, засаг өөрөөсөө эхлүүлэх учиртай сан.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уржигдар “Их, дээд сургуульд бүртгэлтэй, ерөнхий боловсролын сургуульд сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж, 2.3 тэрбум төгрөг төрөөс авах гэж байсныг ил болгосон. Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгааг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллагынхан шалгах ёстой” хэмээн мэдэгдсэн. Регистрийн дугаар ашиглаж хийсэн хууль бус үйлдлийн зах зух нь л үүнээс илрэх жишээтэй.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өмнө нь иргэн бүрт бүртгэлийн дугаар олгосон. Үүнийг ашигласнаар регистрийн дугаарыг халах боломж бүрдэнэ гэж тус байгууллагаас мэдэгдсэн юм. Гэтэл өдгөө иргэний бүртгэлийн дугаар ашигладаг байгууллага нэг ч алга. Төрийн байгууллагынхан нь ч өөрсдөө үүнийгээ ашигладаггүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас үүний шалтгааныг лавлахад “Улсын бүртгэлийн хуулийг шинэчлэн баталсны дараа регистрийн дугаарыг хэрэглээнээс гаргах боломж бүрдэнэ. Үүнтэй холбоотойгоор мөн иргэний үнэмлэх шинэчлэх асуудал ч яригдаж байгаа. Хуулийг УИХ-аас батлах ёстой” гэлээ.
ХУРУУНЫ ХЭЭГ ОЙРЫН ХУГАЦААНД ХАЛАХ БОЛОМЖГҮЙ
Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байдаг. Тэр үед Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах бүрт тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харилцах боломжоор хангана. Мөн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага болох эмнэлэг, банк, үүрэн холбооны оператор компаниудын мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Эдгээр байгууллага нь иргэдийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулдаг” хэмээсэн. Үүний зэрэгцээ байгууллагуудын өмнө нь цуглуулсан хурууны хээний мэдээллийг устгах талаар тэрбээр дурдаж байлаа.
Хуульд зааснаар бол хурууны хээ нь эмзэг мэдээлэл буюу хүний хувийн нууцад хамаарч байгаа юм. Ийм учраас аж ахуйн нэгж, байгууллагууд өмнө нь цуглуулсан хурууны хээний мэдээллүүдээ устгах, уншигч төхөөрөмжүүдийг хэрэглээнээс халах зэрэг арга хэмжээ авах шаардлага үүсээд буй. Гэтэл зарим банк, нотариат, үүрэн холбооны оператор одоо ч иргэдэд үйлчлэхдээ хурууны хээг нь ашигласаар байгаа. Эл асуудлыг хэзээ цэгцлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхнаас тодруулахад “Хурууны хээг зарим аж ахуйн нэгж, байгууллага хэрэглээнээсээ халж, сайн жишиг тогтоосон. Харин заримд нь ийм боломж бүрдээгүй. Жишээ нь, манай мэдээллийн технологийн салбарт хурууны хээ ашигласаар байна. Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлтээ гаргасны үндсэн дээр хурууны хээ ашиглах зөвшөөрлөө авсан. Түүнчлэн хуулийн дагуу үүнийг ашиглах боломжтой байгууллагууд гэж бий. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагууд үүнд хамаарна. Хэдийгээр хуулиа баталж, хэрэгжүүлж эхэлсэн ч регистрийн дугаар, хурууны хээг шууд халахад хүндрэлтэй. Яагаад гэвэл иргэд хэдийн хэрэглээд дадчихсан. Тиймээс эдгээрийг үе шаттайгаар хэрэглээнээс гаргах нь зүйтэй гэж үзэж буй. Одоохондоо иргэд иргэний бүртгэлийн дугаар, тоон гарын үсгийг сайн мэдэхгүй, ашиглаж чадах гүй байгаа. Эдгээрийн талаар сайн ойлгоод, тухайл бал, тоон гарын үсгээ хэрэглээд сурчихвал хурууны хээг заавал ашиглах шаардлагагүй болно” хэмээв.
Түүнчлэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нийт гишүүн байгууллагадаа хандан, хадгалж буй хурууны хээний мэдээллүүдээ устгахыг хүссэн байна. Мөн хурууны хээ уншигч төхөөрөмжүүдээ зогсоох нь зүйтэйг зөвлөжээ. Байгууллагууд уг үйл ажиллагааныхаа талаар эргэн мэдээлсэн, эсэхийг МҮХАҮТ-ынхнаас тодруулахад “Цөөн жижиг аж ахуйн нэгж хуулийг хэрэгжүүлсэн талаарх тайлангаа манайд ирүүлсэн. Томоохон аж ахуйн нэгжүүд манайд бус, холбогдох албаныханд энэ талаарх мэдээллээ тайлагнана хэмээн мэдэгдсэн” гэв.
Тус хуулийн 10.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно” гэж заасан. Ингэснээр зарим ажил олгогч хурууны хээний оронд нүүр таних технологийг цагийн бүртгэлдээ ашиглаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хурууны хээ цуглуулахаас төдийлөн ялгаагүй царай таних технологийг нутагшуулчихаж байгаа юм. Гэсэн ч хуульд нэгэнт ингээд заачихсан учраас дээрх шийдлийг ашигласан аж ахуйн нэгжүүдийг буруутгах аргагүй.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй энэ мэт ойлгомжгүй, тодорхой бус асуудлуудыг цэгцлэхийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дагалдах журмуудыг боловсруулж, батлах юм билээ. Жишээ нь, хуульд зааснаар бол нэн түрүүнд хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг батлах учиртай. Харин одоогоор уг хуулийг дагалдуулан гаргасан журам алга. Энэ талаар тус яамнаас лавлахад “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдуулсан журмуудыг боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Харин Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагалдуулан гаргах журмуудыг сайд батлах ёстой. Одоогоор үүнийг батлаагүй” хэмээв. Ташрамд дурдахад, тус яам сайдгүй байгаа билээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТЫГ ШИНЭЧЛЭЭГҮЙ Л БАЙНА
Хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотойгоор хөндөгдөж буй бас нэг асуудал нь анкет. Аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг ажилд авахдаа хүний эрхийг илт зөрчиж, хувийн бүх мэдээллийг нь авах анкет бөглүүлдэг жишиг бий. Манай улсад өдгөө төрийн албан хаагчийн гэх тодотголтой анкетыг түгээмэл ашигладаг. Үүнийг зөвхөн төрийн албанд биш, хувийн хэвшлийнхэн ч жишиг болгон хэрэглэдэг. Энэ нь А, В гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд нийт есөн хуудастай. В хэсэг нь тухайн иргэний ажил эрхлэлттэй холбоотой мэдээллүүдийг агуулдаг. Харин А буюу тэргүүн хэсэг нь голчлон хүний хувийн мэдээллийг агуулсан. Уг хэсэгт иргэний овог, нэрээс эхлээд оршин суугаа газар, гэр бүлийн байдал, садан төрлийн холбоо, хүйс зэргээр хувийн хэт олон мэдээллийг бичүүлэхээр заасан байдаг. Жишээ нь, ажил горилогч нь гэр бүлийн бүх гишүүний эрхэлдэг ажил, утасны дугаарыг бичих ёстой. Тийм учраас эл анкетыг нэн даруй шинэчлэх шаардлагатай талаар бид өмнө нь хөндсөн билээ. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулиуд хүртэл сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчийн бүх мэдээллийг анкетаар дамжуулж авдаг. Түүний дотор тухайн гэр бүлийн сарын орлого, бүх гишүүний хувийн мэдээлэл ч байх жишээтэй.
Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн албан хаагчийн анкетыг шинэчилсэн, эсэхийг Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “Шинэчилж байгаа. Гэхдээ эцэслэн батлаагүй. Хариуцсан хүмүүс нь одоо амралттай байна” гэлээ. Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс уг анкетыг боловсруулж, баталдаг бөгөөд хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сарын 31-нд шинэчилснийг өдий хүртэл бүх салбарт ашиглаж буй юм.
“МАНААЧ” НЬ ХЭҮК
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд тусгаснаар бол мэдээлэл хамгаалах гол байгууллага нь Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК). Тус комисс нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх зэрэг үүрэг хүлээж байгаа. ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээс хуулийн хэрэгжилтийн талаар тодруулахад “Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой ямар нэгэн гомдол, санал манайд ирээгүй. Хуулийн дагуу бол комисст уг асуудлыг хариуцсан тусдаа нэгж ажиллах ёстой. Тухайн нэгж нь уг асуудлыг дагнан хариуцаж, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх учиртай. Төсөв байхгүй гэдэг шалтгаанаар уг нэгжийг одоогоор байгуулаагүй. Хэдий тийм боловч комиссын хувьд гомдол, мэдээлэл хүлээн авлаа гэхэд одоогийн нөөц боломждоо тулгуурлан шийдвэрлэхэд бэлэн” гэсэн юм.
Тэгвэл хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатарын байр суурийг тодруулахад “Хуулийг таниулан сурталчлах үйл ажиллагаа төдийлөн алга. Иргэний хувьд хэлэхэд, ийм чухал хууль гаргачихаад олон нийтэд огт таниулахгүй байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цахим хөгжил, харилцаа холбооны яам зэрэг холбогдох байгууллагаас цахим хуудсандаа хуулийн танилцуулга, мэдээллийг гаргасан байсан. Гэхдээ тэдгээр нь хуулийн танилцуулга маягтай текстүүд байна билээ. Түүнээс биш практик асуудлууд тулгарахад хэрхэн шийдэхийг нарийвчлан тайлбарлаагүй. Энэ талаар таниулах сургалт, зөвлөгөөн ч хийхгүй байна” гэснийг эцэст нь дурдъя.