Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Говь-Алтай аймгийн Дарви сумын ЗДТГ, Жавхлант багийн удирдлага, нутгийн иргэд, мэргэжлийн судлаачдын оролцоо, дэмжлэгтэйгээр энэ зун Дарвийн нуруунд хөв байгуулжээ. Эл нуруу нь Хүйсийн болон Шаргын говиор хүрээлэгдэн оршдог учраас уур амьсгал нь хуурай, усан хангамж муу гэнэ. Тэнд томоохон гол, нуур байдаггүй бөгөөд хүн, малын ундаалдаг цөөн хэдэн булаг, шанд л бий аж. Тиймээс дээрх олон улсын байгууллагынхан бэлчээр ашиглалтыг сайжруулах, усны нөөц бүрдүүлэх зорилгоор ийм санаачилга гаргажээ. Уг хөв нь хур тунадасны ус хуримтлуулах зориулалттай юм байна. Урт нь 115, гүн нь 3.2 метр аж. Хүний гараар бүтсэн энэ “усан сан”-гаас сүүлийн нэг сарын хугацаанд 18 айлын 169 000 орчим мал ундаалжээ.