Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчид болон нийслэлд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг “E-Mongolia” системээр бүртгэж буй. Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 78 098 хүүхэд элсэн суралцахаас өчигдрийн байдлаар 21 хувь нь бүртгүүлсэн байна. Уг бүртгэл маргааш 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд дахин явуулахгүй аж. Үүнээс хоцорсон тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид хамран сургах тойргийнхоо сургуульд биечлэн очиж, хүүхдээ бүртгүүлэх шаардлагатай гэнэ. Тиймээс цагаа хэмнэх үүднээс цахим бүртгэлд хамрагдахыг боловсролын байгууллагуудаас зөвлөлөө. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийн тухайд өнөөдөр 17.00 цагт хаагдана. Дараа нь буюу энэ сарын 25-26-нд хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь цэцэрлэгт хуваарилах аж. Үүнээс хоцорсон хүүхдүүдийг ирэх сарын 10-25-нд бүртгэх нь. Мөн аравдугаар сарын 3-24-нд дахин бүртгэл явуулахаар төлөвлөжээ.