Хүүхдийн хөгжлийг үнэлэх зориулалттай шалгах хуудас. Үүнийг нялхсын хөгжил, нийгэмшихүй, хэл яриа, бие дааж хийх үйлдэл, танин мэдэхүй, хөдөлгөөн гэсэн хөгжлийн зургаан айн хүрээнд тухайн хүүхдийн одоогийн чадварыг тодорхойлоход ашигладаг.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх нь үүнээс үүдэлтэй дараа дараагийн хүндрэл, эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Харин үүнийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэн, хүүхдийн хөгжлийг дэмжих нь дан ганц эмч, мэргэжилтэн, багш нарын ажил биш. Гэр бүлийн гишүүдийн оролцоо хамгийн чухал. Гэвч эцэг, эхчүүд уг оролцоогоо хангахад нийтлэг тулгамддаг бэрхшээл нь хөгжлийн хоцрогдолтой хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал. Энэ талын мэдлэг, ойлголт дутмагаас, туршлага, арга барил байхгүйгээс тэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж чадахгүй байх нь элбэг. Тэгвэл хөгжлийн хоцрогдолтой хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн энэхүү “ангалыг” арилгах, мэргэжлийн багш, зөвлөхийн дэмжлэг, тусламжтайгаар эцэг, эхчүүдийг чадавхжуулж, хүүхэдтэй ажиллах арга барилд сургах хөтөлбөрийг өдгөө дэлхийн олон орон хэрэгжүүлж байна. Энэ бол “Портеж” хөтөлбөр.
Эрт боловсролын хөтөч, гэр бүлийн оролцоонд суурилсан хэмээх тодотголтой уг хөтөлбөрийг анх 1972 онд АНУ-ын Висконсин муж улсын Портеж хотод боловсруулжээ. Хөтөлбөрийн дагуу бэлтгэсэн явуулын буюу гэрээр айлчлагч багш, зөвлөхүүд хөгжилд нь асуудал тулгарсан хүүхдүүдийн гэрээр очиж, өсөлтийг нь шалгах хуудсаар үнэлдэг байж. Ингээд зогсохгүй эцэг, эхийнх нь санал, хүсэлтэд тулгуурлан тухайн хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, гэртээ хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах арга зүйд чиглүүлдэг байсан гэнэ. Мөн ямар нэг тусгай хэрэгсэл, үнэтэй тоног төхөөрөмж ашиглахаас илүүтэй хүүхдэд ойр, энгийн зүйлсийн тусламжтайгаар хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн үзэл санааг “Портеж” хөтөлбөрийн агуулгад тусгасан нь шинэлэг шийдэл болсон аж.
Өдгөө дэлхийн 40 орчим орон энэхүү хөтөлбөрийг өөрийн улс, бүс нутгийн онцлогт тохируулан ашиглаж байна. Тэдгээрээс “Портеж”-ийг жишиг түвшинд хэрэгжүүлсэн улсад Япон, Энэтхэг байдаг гэнэ. Наран улсын хувьд тус хөтөлбөрийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулахдаа багагүй хугацаа зарцуулж судалгаа, туршилт хийжээ. Хөтөлбөр дэх “Эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийн оролцоонд суурилах” гэсэн үндсэн зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, эмзэг бүлгийн, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй төдийгүй бусад хүүхдийг ч эл хөтөлбөрийн аргаар хөгжлийг нь үнэлж, хоёрдогч хүндрэлээс сэргийлдэг байна. Харин Энэтхэг улсад Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яам болон Даатгалын сангаас үзүүлдэг халамж, үйлчилгээг “Портеж” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлдэг аж. Амьдралын түвшин доогуур, хөгжлийн дэмжлэг авч чадахгүй байгаа айлуудад явуулын багш нар очдог бөгөөд гэрээр айлчлах хөтөлбөрийг хамгийн өргөн хүрээнд хэрэгжүүлсэн оронд тооцогддог гэнэ. Зорилтот, хүрч ажиллах шаардлагатай газруудынхаа байршлыг тогтоосны үндсэн дээр тухайн бүсэд хөтөлбөр хэрэгжүүлэх суурин нэгж, газар байгуулдаг юм байна. Улсынхаа гэхээс илүү бүс нутгийнхаа эдийн засгийн чадамж, амьжиргааны түвшин, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хүн амын боловсролын түвшин зэргийг харгалзан уг хөтөлбөрийг харилцан адилгүй байдлаар хэрэгжүүлдэг талаар судлаач хэлэв.
Манай улсын хувьд Японы Портеж нийгэмлэгийн олон жилийн клиник туршилт, судалгааны үр дүнд шинэчлэн боловсруулсан “Шинэчлэгдсэн Портеж” эрт боловсролын хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлж, нэвтрүүлж эхэлсэн. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, БСШУСЯ (өдгөө БШУЯ болсон) хамтран, Монголын аутизмын холбоо, Монголын дауны холбооны гишүүн гэр бүлүүдийн оролцоотойгоор үүнийг туршилт хэлбэрээр анх хэрэгжүүлж байж. ХНХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, нийслэл болон дүүрэг дэх түүний зарим салбар нэгж, 10, 186, 249 дүгээр тусгай цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо зэрэг байгууллагын төлөөллийг хамруулсан сургалт, уулзалтыг тухайн үед шат дараатайгаар зохион байгуулжээ. Гэхдээ энэ төсөл хоёр жил орчим үргэлжлээд л дууссан байна. Хэдийгээр 10, 186 дугаар цэцэрлэг, төрийн бус зарим байгууллагынхан үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн ч цар хүрээ нь хязгаарлагдмал учраас үр дүн, ач холбогдол нь нийгэмд төдийлөн өндөр байгаагүй аж.
Харин ХНХЯ, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд уг хөтөлбөрийг албан ёсоор нэвтрүүлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх санаачилга гарган, үүнийхээ хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Юуны түрүүнд хөтөлбөрийн сургагч багшаар 16 хүн бэлджээ. Тэдний нэг болох Б.Хулангаас “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн давуу тал юу болох, ямар ахиц дэвшил гарах боломжтой талаар асуусан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд аргазүйчээр ажилладаг тэрбээр “Манай улсад сургуулийн өмнөх боловсролын салбарт хөгжлийн үнэлгээнд суурилсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал ихээхэн учир дутагдалтай байсаар ирсэн. Тэгвэл тогтолцооны гажуудал бүхий энэ цоорхойг “Портеж” хөтөлбөр нөхөх ач холбогдолтой. Гол онцлог нь хүүхдийн хөгжлийг төрсөн цагаас нь эхлээд дэмждэг. Тухайн хүүхдийн аманд угж, сүү, сүүл хийхэд хөхөж байна уу, уруулд нь хүрэхэд амны цагариг булчин нь агшиж, цорвойдог уу, гарт нь харандаа зэрэг нарийн зүйл бариулахад чанга атгаж чаддаг уу гэхчлэн нярайн рефлексээс эхлээд нас насных нь онцлогт тохирсон, хийж чадаж байх ёстой зүйлсээр хөгжлийг нь үнэлдэг. Хөгжлийн ямар нэг хоцрогдол, бэрхшээл байж болзошгүй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо баталгаажуулахыг бидний зүгээс эцэг, эхчүүдэд зөвлөдөг. Ингэж байж бусад бэрхшээл үүсэхээс сэргийлдэг. Нэг зүйлийг онцлоход, уг хөтөлбөр нь тухайн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгахад төвлөрч ажиллахаас гадна өөр хоцрогдол, бэрхшээл байна уу гэдгийг давхар үнэлж илрүүлдэг юм. Бас үүнийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамааруулж ойлгох нь өрөөсгөл. 0-6 насны бүх хүүхдийг эл хөтөлбөрт хамруулах боломжтой. Хоёр дахь гол давуу тал нь гэвэл уг хөтөлбөр гэр бүлд суурилдаг учраас эцэг, эхчүүдийг давхар чадавхжуулдаг. Ингэснээр эцэг, эх болон гэр бүлийн бусад гишүүн амьдралынхаа өдөр тутмын үйл явцад, гарын доорх зүйлс ашиглан хүүхдэдээ хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрддэг. Хамгийн гол нь энэ бүхнийг үнэлгээнд суурилан хийдэг. Ерөөсөө хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх, үнэлэх асуудал эрүүл мэнд, боловсролын байгууллагын хүрээний, эсвэл эмч, мэргэжилтэн, багш нарт л хамаатай зүйл биш гэдгийг нийтэд ойлгуулах нь чухал. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд тусгайлан бэлтгэсэн орчин, эсвэл үнэтэй техник хэрэгсэл хэрэггүй. “Портеж” хөтөлбөр энэ бүхнийг үгүйсгэдэг. Хүүхдэд ойр зүйл ашиглах нь илүү үр дүнтэй. Тухайлбал, ундааны савыг чимэглэж, будаад, түүн рүү ижил өнгийн харандаа хийлгэх байдлаар хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх боломжтой. Энэ дасгалыг эхлээд атгалттай хийж байснаа сүүлдээ долоовор, эрхий хурууны чимхэлтээр буюу ахисан түвшинд гүйцэтгэж сурдаг. Энэ мэтчилэн энгийн арга зүйг тус хөтөлбөр эцэг, эхчүүдэд заадаг” хэмээн ярьсан юм.
“Портеж” хөтөлбөрөөр хүүхдийн хөгжлийг дэмжиж, үнэлэх явцад хавсарсан бэрхшээлийг илрүүлэх тохиолдол олон байдаг талаар Б.Хулан багш онцолсон. Эцэг, эхчүүд илт мэдэгдэхүйц шинж тэмдэг бүхий хоцрогдол, бэрхшээлд нь анхаараад, бусдыг нь орхигдуулах явдал түгээмэл аж. Жишээлбэл, булчингийн чангаралтай хүүхэд давхар хэл ярианы бэрхшээлтэй байх нь элбэг гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийнхөн ХНХЯ-наас өгсөн чиглэлийн хүрээнд өнгөрсөн оны сүүлчээр орон нутагт баг ажиллуулж, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийжээ. Тэгэхэд ийм байдал илт анзаарагджээ. Налайх дүүргийн нэгэн цэцэрлэгийн багачуудын 80 хувь нь хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой байсан гэдгийг жишээ болгон дурдав. Иймд хөтөлбөрийн сургагч багшийн зүгээс хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөмжийг тэдгээр эцэг, эхэд өгчээ. Хожим тэдний зарим нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хандсан аж.
Уг хөтөлбөрийг Монголд нэвтрүүлснээс хойш тууштай хэрэгжүүлж буй цөөн байгууллагын нэг болох Монголын аутизмын холбооныхон “Портеж”-ийг “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн үнэлэн, хөгжлийн шат дарааллын дагуу ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хөтөлбөр” гэж тодотгов. Эцэг, эхчүүд хүүхдээ үүнд хамруулснаар чадварыг нь зөв үнэлүүлэх, тэдэнтэй хэрхэн ажиллах арга замыг нээж илрүүлэх, сурсан зүйлийг нь тогтмолжуулж, засаж сайжруулах боломжтой. Харин уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр төрөлхийн болон олдмол бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөгжлийг үнэлэх, хоцрогдлыг арилгах ажлыг шинэ түвшинд гаргах, ирээдүйн эрүүл, чийрэг монгол иргэдийг “бий болгох” ач холбогдолтой юм байна.