Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЕБС-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр /2022.08.23/ Нийслэлийн иргэний танхимд боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, бусад холбогдох албаныхан мөн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 281 захирал оролцсон байна.
Уулзалтын үеэр БШУ-ны сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр суралцах орчин, арга хэрэгсэл сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч уг ажлыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, арга замыг судлан, нягт хамтран ажиллах аж.