Украины нутаг дэвсгэрт энх тайван байдал тогтох, тус улсын болон Оросын Ерөнхийлөгч уулзах тухай ярих эрт байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш үзлээ. Түүний тэргүүлж буй байгууллага одоогоор Оросын хүнс, бордоог дэлхийн зах зээлд нийлүүлэх асуудлыг хөндөх Украины “Үр тарианы хэлэлцээ”-ний хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүний сацуу талууд байлдааны ажиллагаагаа хурцатгахад бэлтгэж байгаа мэт бүх зүйл өрнөж буй.
Антониу Гутерриш өнгөрсөн долоо хоногийн турш айлчлал хийв. Львов, Одесс, Кишинев, хамгийн сүүлд Истанбулд очлоо. Украины нутаг дэвсгэрт дарийн утаа хагас жилийн турш тасарсангүй. Тус улсаас дүрвэгсдийг хүлээн авсаар буй Молдавт Ерөнхий нарийн бичгийн дарга энэ сарын 19-нд айлчлахдаа Ерөнхийлөгч Майя Сандутай нь уулзжээ. Украины боомтуудаас үр тариа экспортлох талаар Киев, Москвагийн хооронд тохиролцоонд хүрэхэд Турк чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулзалт болсон Истанбул хотод уг хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих Хамтарсан зохицуулах төв үйл ажиллагаагаа явуулаад хэдийн эхэлжээ.
Орос, Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх нь энэ удаагийн айлчлалынх нь нэг зорилго болохыг Антониу Гутерриш өмнө нь мэдэгдсэн юм. Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоан ч мөн ийм байр суурьтай буйгаа илтгэв. Тэрбээр А.Гутерришийн хамт энэ сарын 18-нд Львов хотод очиж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийлээ. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилснаар Орос, Украины удирдагчид ойрын ирээдүйд уулзах магадлал өндөр байна. Гэвч үүнийг батлах ямар ч мэдээлэл гарсангүй. Харин ч үгүйсгэгчдийн тоо нэмэгдэж буй.
Туркийн Истанбулд энэ сарын 20-нд очихдоо Антониу Гутерриш ачааны хөлөг онгоцны үзлэгт оролцов. Хөлөг онгоц бүрийг Украины боомтууд руу явахын өмнө, мөн тэндээс үр тариа, эсвэл наранцэцгийн тос ачин буцаж ирэхийн өмнө Босфорын хоолойд шалгадаг аж. Үүний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акарын хамт Истанбулын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд очив. Тус сургуулийн дэвсгэр нутагт байрладаг Соёлын төв нь Орос, Украины төлөөлөгчид харилцах цорын ганц талбар юм. Тус зохицуулах төвд Оросын төлөөлөгчдийг контр-адмирал Эдуард Луик, Украиныхыг урьд нь Одесс боомтыг удирдаж байсан Руслан Сахаутдинов тэргүүлж буй аж.
Тэд НҮБ-ын төлөөлөгчид, эсвэл Туркийн талын тусламжтайгаар харилцдаг гэнэ. Албадлагын шинжтэй ийм байдлыг энд хаа сайгүй харж болно. Жишээлбэл, Украин, Оросын төрийн далбаа зэрэгцэн оршдоггүй. Тэдгээрийн хооронд Туркийн далбааг байрлуулсан байдаг. Антониу Гутерриш, Хулуси Акар нарын хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр контр-адмирал Эдуард Луик, Руслан Сахаутдинов нарын дунд НҮБ болон Туркийн аль болох олон албан тушаалтныг суулгасан байна. Гэсэн ч хөлөг онгоцнуудад заавал үзлэг хийж, хууль бусаар тээвэрлэж буй ямар нэг эд зүйл байгаа, эсэхийг шалгахад орос, украинчууд нэг завин дээр явдаг гэнэ.
Дэлхийн хүнсний экспортод “Үр тарианы хэлэлцээ” ямар чухал болох, үүнийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа Антониу Гутерриш Истанбул хотноо дахин тэмдэглэв. Тохиролцоонд хүрснээс хойш одоогийн байдлаар Украинаас нийт 656 349 тонн эрдэнэ шиш, улаан буудай, наранцэцгийн үр, гурил, наранцэцгийн тос, шар буурцгийг далайгаар экспортолжээ. Ачаа Турк, Египет, Жибути, Солонгос, Иран, Хятад, Ирланд, Итали, Румынийг зорьсон байна.
А.Гутерриш Турк, Орос, Украины төлөөлөгчдөд хандан “Бид удаан хугацааны турш үргэлж лэх үйл явцын эхэнд байна. Гэхдээ та бүхэн дэлхий нийтэд чухал эл хэлэлцээр хэрэгжих боломжтойг хэдийн харууллаа” гэж хэлэв. НҮБ одоо уг баримт бичгийн хоёр дахь хэсгийг биелүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэжээ. Энэ нь Оросын хүнс, бордоог дэлхийн зах зээлд гаргах боломжийг хангахтай холбоотой юм. Үүний тулд тээвэр, даатгал, санхүүтэй холбоотой хэд хэдэн саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай аж.
Украин, Оросоос илүү их хүнс, бордоо авах нь түүхий эдийн зах зээлийг цаашид тайвшруулж, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж Антониу Гутерриш хэлэв. Хэлэлцээр байгуулж, Украины боомтуудаас хүнс ачсан хөлөг онгоцнууд гарч эхэлсний дараа Оросын тал баримт бичгийн хоёр дахь хэсэг өнөөг хүртэл хэрэгжихгүй байгааг удаа дараа онцолсныг энд тэмдэглэе. “Одоогоор НҮБ-ын хүчин чармайлт хүссэн үр дүнд хүрээгүй ч ажил үргэлжилж буй. Амжилттай болно гэж найдаж байна” хэмээн ОХУ-ын ГХЯ-ны Олон улсын байгууллагуудын газрын захирал Петр Ильичев “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүний зэрэгцээ Украинаас экспортолж буй хүнсний бүтээгдэхүүний гол хэсэг нь улаан буудай биш, харин тэжээлийн ургамал болох эрдэнэ шиш, шар буурцаг гэдгийг дипломатч тэмдэглэв. Мөн тэдгээрийг “Шаардлагатай байгаа хөгжиж буй орнуудад биш, харин баян чинээлэг улсуудад нийлүүлдэг. Тухайлбал, Британи, Ирланд, Итали, БНСУ, Турк, Хятадад нийлүүлж байна” хэмээв. “Үр тарианы хэлэлцээр”-ийг хүмүүнлэгийн бус, арилжааны шинжтэй гэдгийг НҮБ байнга онцолж буй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Истанбулд айлчлах үеэрээ Украинд энх тайван байдал тогтоох хэтийн төлөв тун бүрхэг байгааг тэмдэглэжээ.
Украинд болж буй мөргөлдөөн эв зүйгээр шийдэгдэх, эсэх талаар Туркийн нэг сэтгүүлч тодруулахад А.Гутерриш “Би зөнч мэргэн хүн биш. Гэхдээ бид боломжоос хол байгааг мэдэрч байна. Мөргөлдөөнд оролцогч талуудын байр суурь тэс өөр хэвээр буй. Тиймээс их хугацаа шаардагдах байх” гэж хариулжээ. Тэрчлэн Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоан Украин, ОХУ-ын Ерөнхийлөгчид уулзах зайлшгүй шаардлагатай хэмээж байгаа ч ийм боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нуусангүй. “Үүнийг боломжтой болгохын тулд хугацаа их шаардах бөгөөд одоогийн нөхцөл байдалд маш их өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж тэрбээр хэлэв. Хэдийгээр боломж хэдийн гарч ирсэн ч Москва, Киевт хэн ч дээд түвшинд харилцах талаар нухацтай ярилцахгүй байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх арваннэгдүгээр сард Индонезэд болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. В.Зеленский ч бас тийшээ явж магадгүй. Гэхдээ Украины тал дээд хэмжээний уулзалтад оролцох, эсэх нь тодорхойгүй хэвээр буй.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа “Фронтын нөхцөл байдлаас хамаарч шийдвэрээ арваннэгдүгээр сар дөхүүлж гаргана” гэж мэдэгджээ. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украиныг орхиж яваагүй Ерөнхийлөгч В.Зеленский ямархуу нөхцөл байдалд хилийн чанадыг зорих боломжтойг тодруулахад М.Подоляк “Зүүн болон өмнөд хэсэгт тактикийн томоохон өөрчлөлт гарч, эл нутаг дэвсгэрийн ихэнх хотод эрчимтэй буудалцаан эрс багасаж, тодорхой төрлийн зэвсгийн хуримтлал хангалттай болж, давагдашгүй хүнд хүчин зүйлгүйгээр эдийн засгийн таатай байдал үүсэх ёстой” гэжээ.
Одоогоор Украины эрх баригчид маргааш тэмдэглэх тусгаар тогтнолын баярын өмнө нөхцөл байдал хүндэрч болзошгүй хэмээн сэрэмжилж буй илэрхий. “Украинская правда” сонины энэ сарын 21-ний дугаарт бичсэнээс үзвэл Киевийн Засгийн газрын хороололд байрладаг байгууллагуудын (тус улсын Засгийн газрын ордон, Ерөнхийлөгчийн Тамгын газар, парламент, Үндэсний банк) ажилтнуудад энэ сарын 22-26-нд гэрээсээ ажиллахыг зөвлөсөн байна.
Мөн ОХУ-ын өмнөд нутгийн батлан хамгаалах хүчний хамтарсан хэвлэлийн төвийн дарга Наталья Гуменюкийн мэдэгдсэнээр тус улсын зэвсэгт хүчин Хар тэнгис дэх пуужингийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. Тухайлбал, “Калибр” пуужингаар хүчээ зузаатгасан гэнэ. Үүний сацуу агаарын довтолгооноос хамгаалах системүүд сүүлийн өдрүүдэд тасралтгүй ажиллах болсон Крымд мөргөлдөөн үргэлжилсээр байна.