Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг “E-Mongolia” цахим системээр бүртгэж эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт хүүхдийн 66.5 хувийг нь цахим системд бүртгүүлснийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2-5 насны 150 735 хүүхэд бий аж. Үүнээс 100 222-ынх нь эцэг, эх цэцэрлэгт хамруулах хүсэлтээ цахимаар гаргажээ. Бүртгэл аравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 2-5 настнуудыг 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэж холбогдох албаныхан мэдээлээд буй. Тэгвэл уг ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Г.Амартүвшин өчигдөр “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар хамрагдалтыг тодорхой хувиар нэмэгдүүлсээр байна. Одоогоор цэцэрлэгт хамруулах боломжгүй 7130 хүүхэд үлдээд буй. Тэднийг энэ онд багтаан цэцэрлэгт хүлээн авахаар төлөвлөсөн. Зарим барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулж амжихааргүй болсноос ийм байдал үүссэн. Хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн барилга худалдан авах болон түрээслэх ажил үргэлжилж байна” хэмээлээ.