Засгийн газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг Усан зам, далайн тээвэрчдийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд энэ жил анх удаа усан замын өдрийг албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жил, Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ойтой давхцлаа.
Дээрх ойг өнгөрсөн бямба гарагт Усан замын тээвэр эрхэлдэг төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор зохион байгуулж, Хөвсгөл далайн эрэгт ахмад тээвэрчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.
Анх 1910 онд Хөвсгөл нуурт тухайн үеийн Хаант Оросын худалдаачид Эрхүүгээс бараагаа татах, Монголоос авсан ноос, арьс шир, түүхий эдээ тээвэрлэхийн тулд уурын хөдөлгүүрт 40 тоннын даацтай “Монгол” хэмээх усан онгоц ашигласан үеэс хойш “Монгол Улсын 10 жилийн ой", “Сүхбаатар”, “Байгал-800” зэрэг усан онгоцууд, “Ажилчин”, “Малчин”, “Ургац”, “Долгион” зэрэг чиргүүл онгоцуудыг усан замын тээвэрт өргөнөөр ашиглан бараа материал, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангаж байлаа.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан /1926, 1947 оны/ гэрээний дагуу Оросын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөвсгөл нуур дахь усан замын тээврийн дэд бүтцээ 1952 онд монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгснөөр тухайн оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Усан замын тээврийн газар байгуулагдан ахмад, механик, залуурчин, чиргүүл онгоцны дарга, галч, усан цэргүүд гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж Монгол Улсын Үндэсний усан замын тээвэр бие даан хөгжиж ирсэн түүхтэй юм.
Мөн үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медаль, Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Усан зам, далайн тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны холбоочин, матрос, туслах капитан Ч.Чулуунбат, усан замын ачааны баржийн дарга Т.Ганбаатар нарыг,
Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр, “Хөвсгөл усан зам” ХК-ийн “Сүхбаатар” усан онгоцны капитан Л.Бадамдорж, Хөвсгөл усан замын газрын матрос буюу усан цэрэг Д.Нямдаваа, усан онгоцны галч Д.Пүрэвжав, усан онгоцны тогооч Б.Долгор нарыг,
Яамны хүндэт жуух бичгээр, Хөвсгөл усан замын газрын залуурчин Ц.Баярхүү, залуурчин Г.Нямсүрэн, нягтлан бодогч Ч.Цэцэгээ, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч, завьчин Л.Баттөр, Д.Сүхбат, Б.Борбаатар нарыг тус тус шагналаа.