Засгийн газар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг сэргээх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих бодлого баримталж буй. Хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийсэн энэ салбарт өдгөө хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь хүний нөөцийн хомсдол. Тэгвэл үүнийг шийдэх зорилгоор, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа “Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац”-ын буцалтгүй тусламжаар манай улсад Аялал жуулчлалын мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар болжээ. Ийм төвтэй болсноор “утаагүй үйлдвэрлэл”- ийн салбарыг мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангаад зогсохгүй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой гэнэ. Уг барилгын гадна талбайд жуулчны баазын дадлага, сургалт зохион байгуулах зориулалттай дөрвөн цомцог гэр байршуулахаар төлөвлөжээ.