Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Газарчин”, “Маргад”, “Чингис хаан”, “Түшээ” зэрэг 21 дээд сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсноо өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Ингэснээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 88 их, дээд сургуулийн тоо 67 болж буурах нь. Дээрх 21 сургуулиас 13-ынх нь үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн. Харин наймыг нь бусад сургуультай нэгтгэхээр болжээ. Үүнээс гадна 24 сургуульд зөрчил, дутагдлаа арилгах зургаан сарын хугацаатай үүрэг өгөв. Уг шийдвэрийнхээ үндэслэлийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цаашид бидний баримтлах бодлого бол шаардлага хангасан их, дээд сургуультай байхад чиглэнэ. Сургуулиудад тавих шаардлагыг өндөрсгөнө. 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй” хэмээн дурдсан. Мэдээж энэ нь боловсролын салбар хариуцсан үе үеийн сайдын хийхийг хүсдэг ч ачир дээрээ хэрэгжүүлж чаддаггүй ажлуудын нэг байв. Ийнхүү их, дээд сургуулиудыг цэгцэлж эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ дээд боловсролын салбарт тулгамдаад буй олон асуудлын зөвхөн нэг тал нь энэ юм.
ХОМСДОЛЫН ШАЛТГААН
Манай улсын их, дээд сургууль буюу дээд боловсролын салбарт хамгийн тулгамдаад буй асуудал нь чанартай, ур чадвартай мэргэжилтнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж чадаж байгаа, эсэх нь юм. Тодруулбал, улсын хэмжээнд их, дээд сургуулиуд жил бүр 30 000-аас дээш тооны оюутан төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж иржээ. Гэтэл өдгөө олон салбарт ажиллах хүч дутагдалтай, төгсөгчид хаачсан нь мэдэгдэхгүй “алга болчихоод” байгаа. Ялангуяа барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүчний эрэлт ихэсжээ. Үүнээс улбаалан “Ажлын байранд тогтох хүнгүй боллоо. Ажил хийх хүсэлгүй хүн олон болсон” гэх аж ахуйн нэгж, байгууллагынхан олширсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс гаргасан тооцооллоор бол энэ онд манай улсын хөдөлмөрийн зах зээлд 78 000 гаруй ажлын байр дутагдалтай байна. Энэ нь өмнөх оныхоос 25 000 гаруй ажлын байр буюу 48.3 хувиар нэмэгдсэн дүн аж. Ажиллах хүч дутагдсан гол шалтгааныг аж ахуйн нэгж, байгууллагынхны хувьд төрөөс өгдөг халамж ихэссэнтэй холбон тайлбарлах нь бий. Харин боловсролын салбарын судлаачдын хувьд үүнийг их, дээд сургуулиудын бодлого, сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдахгүй байгаагаас шалтгаалсан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн төлөв, эрэлтийг төдийлөн анхаардаггүй, судалгаа, тооцоогүйгээр мэргэжилтэн бэлтгэж байгаа юм.
ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА АЛГА
Манай улсад их, дээд сургууль төгсөгчдийн 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй гэх тоог зарим хүн хэлдэг. Зарим нь 40, 50 хувь гэх мэтээр янз бүрийн судалгаа дурдах нь бий. Ийнхүү олон янзын дүн хэлдэг шалтгаан нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн судалгаа, мэдээлэл манайд байдаггүйтэй холбоотой. Тодруулбал, сүүлийн гурван жилийн хугацаанд ийм судалгаа огт хийгээгүй аж. Хамгийн сүүлд БШУЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд 23 038 оюутан их, дээд сургууль төгссөнөөс 34.6 хувь буюу 7918 нь ажлын байртай болсон гэх тооцоо гаргажээ. Түүнээс хойш ийм судалгаа хийгээгүй юм билээ. Энэ тухайд БШУЯ-наас “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны дүн манайд алга. Их, дээд сургуулиуд тус тусдаа тоон мэдээлэл гаргадаг. Гэхдээ тэдгээр дүн бодитой, эсэх нь эргэлзээтэй. Сургуулиуд бол аль болох л өндөр тоо хэлнэ шүү дээ” хэмээсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс уг нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа хийдэг аж. Гэхдээ тус байгууллагынхан мөн л ойрын хугацаанд ийм ажил гүйцэтгээгүй. Хамгийн сүүлд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль төгссөн оюутнуудаас санамсаргүй түүврийн аргаар 5000 орчмыг нь сонгон, хөдөлмөр эрхлэлтийг мөшгөх судалгаанд хамруулж, тайлан, дүгнэлтээ 2020 онд гаргасан юм билээ. Сүүлийн жилүүдэд ийм судалгаа яагаад хийгээгүй талаар тус байгууллагынхнаас тодруулахад “Төрийн хэмнэлтийн тухай хуулиар судалгааны төсөв хасагдсан” хэмээх тайлбар хэлсэн юм.
Зарим их, дээд сургууль уг нь төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн судалгааг хийдэг. Гэсэн ч тэдгээр нь мөн л хугацаа хоцорсон, 2-3 жилийн өмнөх аж. Нөгөө талаар ихэнх судалгаа нь түүврийн аргаар хийсэн буюу бүх төгсөгчөө хамруулж чадаагүй гэсэн дутагдалтай. МУИС гэхэд 2018-2019 онд төгсөгчдийнхөө 40 гаруй хувийг хамруулсан түүврийн мөшгөх судалгаа хийж, тэдний 75.7 хувь нь ажил эрхэлж байна гэж дүгнэжээ. Мөн МУБИС төгсөгчдийн 78.8 хувь нь ажилтай болсон гэх судалгааны дүн бий. Гэхдээ тэр нь мөн л хэдэн жилийн өмнөх тоо юм билээ.
ШААРДЛАГАТАЙ МЭРГЭЖИЛТНИЙГ БЭЛТГЭДЭГГҮЙ
Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд 147 393 оюутан 88 их, дээд сургуульд суралцаж байлаа. Үүнээс 34 нь их, бусад нь дээд сургууль байв. Тэдгээр сургуульд 2564 хөтөлбөр буюу мэргэжлийн чиглэлээр ажиллах хүч бэлтгэж байж. Харамсалтай нь, эдгээр хөтөлбөрийн ихэнх нь байгаа оноогүй, хөдөлмөрийн зах зээлд шаардлагагүй гэнэ. Тиймээс ирэх хичээлийн жилээс 908 хөтөлбөрийг хүчингүй болгохоор шийдвэрлэснээ БШУЯ-наас мэдээлсэн.
Ойрын хугацаанд манай улсад инженер, техникийн 39 000 мянга гаруй ажилтан шаардлагатай гэсэн тооцоог салбарын яамнаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, өдгөө хамгийн их эрэлттэй, шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэл нь инженер, техникийн ажилтан. Гэтэл энэ чиглэлээр сүүлийн таван жилд 14 874 мэргэжилтэн бэлтгэжээ. Харин өнгөрсөн таван жилд үүнээс бараг дөрөв дахин их буюу 55 736 оюутныг эрх зүй, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн гэх зэрэг зах зээлд илүүдэлтэй мэргэжлээр бэлтгэсэн байгаа юм. Сургуулиудын хөтөлбөр хөдөлмөрийн зах зээлтэй уялддаггүйн тод жишээ нь энэ.
Цахим үндэстэн болох зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн. Тэгвэл цахим шилжилт хийх төлөвлөгөөгөө төгсөгчдийг бүртгэх, ажлын байранд гарсан, эсэхийг нь тодруулахаас түүчээлбэл яасан юм бэ. Эл асуудлыг эхэлж шийдэхгүй аваас их, дээд сургуулиудыг хаагаад ч нэмэр болох нь бага мэт. Учир нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, мэргэжил, ур чадварын нийцэл, ажлын байранд тулгарч буй бэрхшээлийг тодруулж байж л боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн хамаарлыг тодорхойлно. Улмаар түүндээ тулгуурлан бодлого боловсруулж, шийдвэр гаргах учиртай. Цаашлаад дэлхий дахинд ойрын хугацаанд мэдээллийн технологийн, хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтнүүдийн эрэлт ихсэх төлөв, тооцоо буй. Олон улсын энэ мэт төлөв, тооцооллыг ч хөтөлбөрөө боловсруулахдаа харгалзах шаардлага тулгарчихаад байна. Гэтэл бид хэдий болтол дотоодынхоо асуудлыг шийдэж чадахгүй мунгинах вэ.