НҮБ-ын Мьянмарын асуудал эрхэлсэн шинэ тусгай элч Ноэлин Хайзер тус улсад анх удаа айлчилж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард энэ албан тушаалд томилогдсон тэрбээр Нейпьидо хотод айлчилж байгаа нь Зүүн өмнөд Азийн хамгийн хаалттай тус улсад болж буй үйл явдалтай танилцах анхны боломж гэдгийг ажиглагчид тэмдэглэжээ. Ноэлин Хайзер Мьянмарын цэргийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй холбоо тогтоох гэсэн амаргүй хоёр зорилттой яваа. Түүнийг айлчлахын өмнө улс төрийн хүрээний төлөөлөгчид, иргэний нийгэм болон одоо ч үргэлжилж буй мөргөлдөөнд нэрвэгдсэн олон нийтийн төлөөлөлтэй зөвлөлдсөн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэв. Гэсэн ч түүнийг Мьянмарын сөрөг хүчний удирдагч, төрийн зөвлөх асан, өмнөх Засгийн газрын жинхэнэ тэргүүн Аун Сан Су Чи зэрэг сөрөг хүчний нэр хүндтэй хүмүүстэй уулзаж чадах, эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Ноэлин Хайзерыг айлчлахын өмнө өдгөө 77 настай Аун Сан Су Чид оноосон ялыг нэмж, нийт 17 жил хорих шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард иргэний Засгийн газрыг түлхэн унагаж, тус улсын хуучин удирдагчдыг баривчилсны дараа Мьянмар цэргийн засаглалын хэлбэрт эргэн орсон билээ.