-Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулснаар ямар үр дүн гарсан бэ?
-2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 151 сэтгэлзүйч ажиллуулсан. Үр дүнг нь харахын тулд өнгөрсөн хавар судалгаа явуулсан юм. Сэтгэлзүйчдийн 80 нь орон нутагт, нийслэлд 71 нь ажилласан. Тэдний 127 нь төрийн, 24 нь төрийн бус өмчийн сургуулийнх. Тэд сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, оношилгоо хийх гэсэн дөрвөн чиглэлд ажиллаж, 41 861 сурагч, 35 006 эцэг, эх, 20 459 багш, сурагчид хүрч ажилласан байна. Ингээд сэтгэл зүйн үйлчилгээнд нийт 93 316 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 848 сургууль байдаг. Бүгдийг нь сэтгэлзүйчтэй болговол энэ үйлчилгээг авах хүмүүсийн тоо нэмэгдэж, хүрээ тэлнэ. Сэтгэлзүйчийн ажил сурагчаас гадна сургуулийн багш, ажилтан, удирдлага, эцэг, эх, гэр бүлд нь хүрч байдаг. Тиймээс энэ үйлчилгээ улсын нийт хүн амд хэрхэн эергээр нөлөөлж байна вэ гэдэг харагдана. Практик ямар байсныг олон жишээ татан тайлбарлаж болно. Тухайлбал, сурагчид нэг л мэдэхэд арванхоёрдугаар анги төгсөж, мэргэжил сонгох болоход хүүхэд, эцэг, эхгүй “Яах билээ” гэцгээдэг байсан. Хугацаа тулаад ирэхэд хэн нэгний зөвлөгөөгөөр ч юм уу, ямар нэгэн байдлаар сайтар бодолгүй таарсан сургуульдаа орчихдог. Яваандаа бурууддаг. Харин сургуульд сэтгэлзүйч ажилладаг бол ес, аравдугаар ангид байхад нь сурагчдад хувь хүний болон зан үйлийн оношилгоо хийж, тухайн хүүхэд ямар чиглэлд мэргэжил эзэмшвэл зохих, харьцангуй ирээдүйтэй нь аль вэ гэдгийг тодорхойлсон байх учраас тустай. Энэ бол зөвхөн нэг жишээ шүү дээ.
Ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйч ажиллуулснаар ямар үр дүн гарав, хүүхдүүдэд хэр зэрэг эерэг нөлөө үзүүлсэн бэ гэдгийг харахын тулд мониторинг явуулсан юм. Цар тахлын хоёр жилийн дараа хүүхдүүд ганцаарддаг, юунаас ч юм айдаг, гэрээс гарахаас, ганцаараа байхаас, улмаар хичээлдээ явахаас ч айдаг болсон байсан нь судалгаанаас харагдсан. Сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулснаар хүүхдүүд найзтайгаа ярилцаж чадахаа больсноо сэтгэлзүйчийн асуултад хариулах явцдаа хэлж, дотроо онгойлгохоос авхуулаад маш их эерэг үзүүлэлт ажиглагдсан. Найзууд яагаад хоорондоо ярьж чадахаа больсон бэ гэхээр цуг байх, харилцах нь ховордохоор, мөн хоёр өөр орчинд амьдраад байхаар хөндийрсөн. Бие биеэ өмнөх шигээ ойлгохоо байсан гэсэн үг. Сэтгэлд нь хуралдсан, өөрт нь хэцүү санагдаж байгаа зүйлийг багшдаа яривал аав, ээжид хэлчих болов уу, эсрэгээрээ эцэг, эхдээ яривал багшид дуулгачих болов уу гэж эмээн, ерөнхийдөө сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болчихсон байж. Ийм нөхцөлд сэтгэлзүйч гэдэг дотнын найз, туслагч, зөвлөгч байж хүүхдүүдэд маш их дэм, хань болдог нь олон талаар нотлогдсон. Хүүхдүүд эцэг, эхдээ хайртай ч өөрт тохиолдсон болгоноо ярьдаггүй.
-Тэгэхээр сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах шийдвэр ончтой байжээ гэж үзэхээр юм байна. Цаашид хэрхэн ажиллах вэ?
-Боловсролын богино болон дунд хугацааны төлөвлөлтөд 2021-2024 оны хооронд ерөнхий боловсролын төрийн өмчийн 682 сургуулийн сэтгэлзүйчээр хангана гэж тусгасан. Үүнийг зорилгоо болгосон. Өнгөрсөн хичээлийн жилд шат дараалсан сургалтуудад хамруулж, боловсролын сэтгэлзүйч гэсэн сертификат олгосон 119 сэтгэлзүйч байна. Зургадугаар сард бид 2022-2023 оны хичээлийн жилд сэтгэлзүйч ажиллуулах сургуулиудын захиалгыг авахад эхний байдлаар 194 сургууль хүсэлтээ ирүүлсэн. Тиймээс манай газрын зүгээс сэтгэлзүйчдийн дунд хоёр шаттай нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар 163 сэтгэлзүйчээс 103-ыг нь ажиллах боломжтой юм байна гэсэн дүгнэлт гаргалаа. Тэгэхээр энэ мэргэжилтнүүдийг ирэх намар явуулах боловсролын сэтгэлзүйч мэргэшүүлэх 45 хоногийн, зэргийн бус, сертификатын сургалтад хамруулж, ажиллах эрх олгоно гэсэн үг. Энд нэгэн зүйлийг тодруулах хэрэг гарч байна. БШУ-ы сайдын тушаалаар баталсан албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага гэж бий. Үүний дагуу сэтгэл судлалаар 3.5 ба түүнээс дээш жилийн хугацаанд 100 кредитээс багагүй цагийг судалсан, мэргэжлийн D 031301 гэсэн индекстэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол мэргэшүүлэх сургалтад хамруулж ерөнхий боловсролын сургуульд ажиллуулах юм. Нийгмийн ажилтнууд сэтгэлзүйчээр ажиллах хүсэлт ирүүлэх нь элбэг болсон. Гэтэл албан тушаалын шаардлага өөр тул тэдний материалыг хүлээж авах боломжгүй. Тэгэхээр 2022-2023 оны хичээлийн жилд 103 мэргэшсэн сэтгэлзүйчийг ерөнхий боловсролын сургуулиудад илгээх болно.
-Анх энэ талаар ярьж эхлэхэд сэтгэлзүйчдийн дунд “Манай улсад боловсролын сэтгэлзүйч байдаггүй. Сэтгэлзүйч бүр сургуулиудад ажиллах боломжгүй” гэсэн яриа гарч байсан. Мэргэшүүлэх сургалтад ямар багш нар хичээл заадаг вэ?
-МУИС, МУБИС, практикт үйл ажиллагаа явуулдаг сэтгэл зүйн хүрээлэн, төв, нийгэмлэгүүдээс мэргэжилтнүүдийг сонгож, сургалт зохион байгуулах ажлын хэсэгт урьсан. Сургагч багш нарыг нь МУИС, МУБИС, Хэрэглээ, сэтгэл судлалын хүрээлэн, Сэтгэл судлалын үндэсний төв, “Гэр бүл анхаарлын төвд” сэтгэлзүйн төв, МЕТА сэтгэл судлалын хүрээлэн, “Отгонтэнгэр”, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагаас бүрдүүлсэн. Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэг гэдэг байгууллагатай болсон. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүйчдийг бэлтгэдэг “толгой” байгууллагуудаас багш нарыг урьж ажиллуулдаг.
Тэгэхээр бодлого цаг үеэ олсон, ончтой, үр дүнтэй байна гэдгийг ганцхан хичээлийн туршид сэтгэлзүйч багш нар 41 861 сурагчид үйлчилгээ үзүүлсэн гэдгээр нь хэмжиж болно. Яагаад гэхээр энэ нь манай улсын нийт сурагчийн 20 хувь нь юм.
-Та түрүүн цар тахлын жилүүдэд хүүхдүүд аймхай болсон тухай хэллээ. Зан үйлийн нэлээд доголдолтой болсон хүүхдүүдэд сэтгэлзүйч туслаагүй бол ямар ч үр дагавар гарсан байж болзошгүй нь гэж бодогдлоо.
-Маш зөв. Эцэг, эхчүүд өөрсдөө сэтгэлзүйчийн ажлын тухай ойлголтгүй байдаг юм билээ. Тэдний хүүхдүүдэд сургуулийнх нь зүгээс туслаад, дэмжээд, сэтгэл санааг нь өргөөд, зөв чиглэлээ олоход нь туслаад байхаар аав, ээжүүдэд эерэг нөлөөтэй тухай дахин хэлье. Хүүхдийнхээ сэтгэл зүйн асуудлаар ламд хандах биш, сэтгэлзүйчээс зөвлөгөө авах ёстой юм байна гэж ойлголоо гэж хэлсэн эцэг, эх ч байсан тухай сэтгэлзүйчид ярьсан. Энэ ч гэсэн томоохон үр дүн. Хүүхдээ танья, бие хүний хувьд сэтгэл зүй, оюун ухааны ямар онцлогтой юм гэдгийг мэдье гэвэл, хэрхэн зөв төлөвшүүлж, хөгжүүлэх вэ гэдгээ бодсон ч сургуулийнх нь сэтгэлзүйчтэй хамтарч ажиллах боломж эцэг, эхчүүдэд нээгдсэн. Хүүхэд бүр аав, ээжийгээ дуурайж төрсөн байдаггүй. Ээж нь маш нээлттэй хүн байлаа гэхэд хүүхэд нь дотогшоо, өөр байж магадгүй. Хүүхэд бүр хөгжлийн онцлогтой. Энэ нь харилцааны онцлог, ялгаа юм.
-Эцэг, эхчүүд сургуулийнх нь сэтгэлзүйчийн нөлөөгөөр хүүхдээ өөрөөр харж, яаж дэмжиж, туслахаа мэддэг болох нь ээ?
-Тийм. Бага ангийн, ер нь 13-аас доош насны хүүхдүүдийн эцэг, эхчүүд дунд үеийнхэн байна. Тэд өөрсдөө очоод сэтгэлзүйчийн амнаас ганц өгүүлбэр сонсох төдийд сэтгэл зүйн боловсрол нь дээшилнэ. Тэгэхээр Боловсролын ерөнхий газраас сэтгэлзүйчдийг орон даяар тэгш, хүртээмжтэй байдлаар ажиллуулахыг хичээж буй. Заавал нийслэлийн сургуулиудыг эхэлж хангаад, дараа нь орон нутгийн сургуулиудад илгээнэ гэхгүй. Орон нутагт ч гэсэн хөгжлийн ямар нэгэн харилцаа хүсэж байгаа хүүхэд олон бий. Тийм болохоор сургуулиудыг сэтгэлзүйчдээр тэгш хүртээмжтэй хангах бодлого баримталж байна. Ирэх хичээлийн жилд сургуу лиудад илгээх, сонгон шалгаруулж авсан 103 сэтгэлзүйчийг мэргэшүүлэх сургалтаа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бэлтгэх юм. Энэ байгууллага ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах бодлогыг дэмжиж, тусалж байгаад маш их талархаж байна. Эднийх өмнө нь бас сургалтуудыг санхүүжүүлсэн юм.