“Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн, Ажиа гэгээн Лувсантүвдэнийн байгуулсан “Зөв тэтгэлэг сан” санхүүгийн боломжгүй оюутнуудыг дэмжих зорилгоор “Зөв” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус сангийнхан залуусын суралцах хүсэл эрмэлзэл, ар гэрийн нөхцөл байдал зэргийг нь харгалзсаны үндсэн дээр дотоодын их, дээд сургуульд тэнцсэн 10 оюутан сонгож, дөрвөн жилийн сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг нь шийддэг юм. Эл тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад өмнө нь 20-30 оюутан оролцдог байсан нь энэ удаа 80 болж өсжээ. Тиймээс дээрх сангийнхан өнөө жил 10-аас дээш тооны оюутанд тэтгэлэг олгохоор хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн сурлагын өндөр амжилттай, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн олон оюутан “Зөв” тэтгэлэгт хамрагдаж чадалгүй үлдэх магадлалтай буй тул ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сан, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг залуусыг дэмжихийг уриаллаа. Японы “Мабүчи” олон улсын тэтгэлгийн сан, “Шинэ Монгол” сургууль хамтран байгуулсан “Шинэ Монгол-Мабүчи” сан уг уриалгыг дэмжиж, урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй зээлийг оюутнуудад олгох боломжтойгоо илэрхийлжээ. Ташрамд дурдахад, энэ удаагийн сонгон шалгаруулалтад Ажиа гэгээн биечлэн оролцож буй аж.