Хонконгийн хүн ам нэг жилийн хугацаанд 120 мянгаар буюу 1.6 хувиар буурч, 7.29 саяд хүрсэн тухай Хүн амын тооллого, статистикийн газраас нь мэдээлжээ. Энэ нь тус бүс нутгийн хүн ам 1961 оноос хойш хамгийн их буурсан үзүүлэлт болохыг CNN уламжлав. Хүн амын тоо буурсан нь нас баралт төрөлтөөс илүү гарсан, мөн хилийн чанадыг зорьсон оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Тодруулбал, өнгөрсөн жилийн дундаас 2022 оны мөн үе хүртэл Хонконгод 61.6 мянган хүн нас барж, 35.1 мянган хүүхэд мэндэлж, 95 мянган оршин суугч тус бүс нутгаас гарч, 18.3 мянга нь иржээ. Тэрчлэн сүүлийн таван жилд тус бүс нутагт төрөлт тогтмол буурч байгаа гэнэ. 2016 онд Хонконгод 59.5 мянган хүүхэд мэндэлсэн бол одоо энэ үзүүлэлт бараг 25 мянгаар цөөрсөн байна. Үүний сацуу мөн хугацаанд нас барсан хүний тоо нэмэгдэж, 45.4 мянгаас 61.6 мянгад хүрсэн аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрөлт буурч, нас баралт нэмэгдсэнийг мэргэжилтнүүд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ. Цар тахлын маш хатуу хязгаарлалт тус бүс нутгийг олон хүн орхих шалтгаан болжээ. Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд олон хүн хилийн чанадыг зорих болсон нь БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд тус бүс нутагт явуулж буй сөрөг хүчний идэвхтнүүдийг хавчих, мөрдөж мөшгөх, эсэргүүцлийн жагсаал, цуглааныг дарах бодлого болон бусад арга хэмжээтэй холбоотой гэж шинжээчид дүгнэснийг CNN эш татав.