Хан-Уул дүүргийн XV хорооны байранд ийм яриа өрнөсөн юм. Улсын бүртгэл дэх хаяг дээрээ оршин суудаггүй залуу одоогийн амьдарч буй дүүрэгтээ хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд шилжүүлэг хийлгэхээс аргагүйд хүрчээ. Гэвч тэр эргэлзсээр. Харьяаллаа солихыг хүсэхгүй байгаа бололтой. Тээнэгэлзээндээ дийлдсэн залуу зөвлөгөө, мэдээлэл авахаар тийнхүү очсон ч хорооны нийгмийн ажилтан дорвитой тус болсонгүй. Би ч яг түүнтэй ижил шалтгаанаар тэнд очсон юм. Түүнээс ялгаатай нь шийдвэрээ хэдийн гаргасан байлаа. Улсын бүртгэл дэх харьяаллаараа бол охин минь Сүхбаатар дүүргийн XVIII хороо, Бэлхийн зуслангийн тийшээ “цөлөгдөх” шинжтэй. Гэтэл манайх сүүлийн гурван жил орчим Хан-Уул дүүргийн XV хороонд амьдарч буй. Оршин суугаа газартаа, гэр, ажилдаа ойр цэцэрлэгт хүүхдээ хамруулахын тулд арга буюу дүүрэг хооронд шилжүүлэг хийлгэхээр болов. Харамсалтай нь, тус хорооны иргэний улсын бүртгэгч ээлжийн амралтаа авсан тул XVII хорооны ажилтанд хандахыг зөвлөв. Хорооноос хороо хэсэж, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх гэж ажлын дундуур лав хоёр, гурав хоног зарцуулах шинжтэй. Яг ийм асуудалтай нүүр тулсан, шилжүүлэг, бүртгэлээ амжиж хийлгэх гэсэн эцэг, эх дүүрэг, хороодоор өчнөөн байна. “Улсын цэцэрлэг, сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л элсүүлнэ. Өөр газарт харьяалалтай хүүхэд хамруулсан тохиолдолд удирдлагад нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна” гэж БШУ-ы сайд эрс шулуун мэдэгдэл хийснээс хойш нийслэлд шилжилт хөдөлгөөний буухиа эрчимжсэн, иргэний улсын бүртгэгч шиг завгүй хүн үгүй болсныг хорооны ажилтнууд хэллээ. Хүүхдээ цэцэрлэггүй үлдээчихгүй юм сан, цар тахлын жилүүдэд гэрт нь хангалттай “түгжсэн” учраас одоо яаж ийгээд л хамруулъя гэсэн эцэг, эхчүүд хаяг, бүртгэлийн асуудлаа шийдүүлэхээр дээгүүр, доогуур гүйлдэж, цэгцэлсэн зарим нь “И-Монголиа” цахим системд дугаарлаж байна. Дугаарлаж хэмээн хэлсний учир нь уг систем зарим үед хэт ачааллаас болж гацан, нэвтрэх боломжгүй болж буй юм. Энэ байдал цэцэрлэгийн бүртгэл дуустал үргэлжлэх шинжтэй.
Харьяалалтай газар, дүүрэг, хороондоо л бүртгүүлчихвэл, өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийвэл болчих юм шиг санаж эцэг, эхчүүд өндөр хүлээлттэй байна. Зарим нь “Цэцэрлэгийн гадаа дугаарлахгүй, дарга, захирлуудын үүд сахихгүй хэчнээн амар юм” гэх. Гэвч хүүхдээ ном журмынх нь дагуу, заасан хугацаанд бүртгүүллээ ч энэ намар, өвөлдөө багтаад цэцэрлэгт хамруулж чадахгүй байх эрсдэл бийг сануулъя. БШУЯ, Боловсролын ерөнхий газрынхан “Хүүхдүүдийг өмнөх жилүүдийнх шиг гэрт нь үлдээхгүй. Сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамруулна. Бүртгэлийг үе шаттай зохион байгуулж, оны сүүлч гэхэд хуваарилж дуусгана” гэж буй ч тодорхойгүй, бүрхэг зүйл өчнөөн байна.
Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 023 хүүхэд бий. Харин өдгөө үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүд үүний 106 мянга орчмыг нь багтаах боломжтой. Үндсэндээ 35 мянган хүүхдийг “шингээх” шаардлага тулгарч байгаа гэсэн үг. Цэцэрлэгийн хүртээмж, бүртгэл, хуваарилалтын асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ ирэх есдүгээр сарын 1 гэхэд үүний 26 643 хүүхдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулна, үлдсэнийг нь арванхоёрдугаар сарын 31-ний дотор амжиж хуваарилна гэж ам гарсан. Ингэхдээ хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн. Шинээр ашиглалтад орох болон улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 5451 хүүхэд багтаана гэв. Энэ бол хамгийн боломжит, эргэлзээгүй тооцоо. Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал олгож, 10 272 хүүхдийг “шингээнэ” гэсэн. Үүнийг ч хэрэгжүүлэх боломжтой. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшил бүхий барилгыг түрээслэх, худалдан авах замаар цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлэх байдлаар 11 870 сурагчийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж нөхцөл, бэлтгэл хэр байна вэ. Аль дүүрэгт, хэдэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэчнээн байрыг ийм зориулалтаар авахаар тохиров, хэдтэй нь яг эцсийн байдлаар хэлэлцээ хийсэн бэ. Хэчнээн нь энэ намар үйл ажиллагаа явуулахад бэлэн буй бол. Хүүхэд харах үйлчилгээнд 2020 хүүхэд хамруулна гэсэн. Хэдэн иргэн ийм үйлчилгээний эрх авсан бэ. Эдгээрт тулхтай, бодитой хариулт алга.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Нямдоржоос үүнийг тодруулахад “Аж ахуйн нэгж, иргэний эзэмшил бүхий 92 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр төлөвлөж байсан нь өдгөө 126 болсон. Эдгээртэй урьдчилсан хэлэлцээ хийж, үнийн санал ирүүлэх хүсэлт явуулсан. Хоёр тал тохиролцож чадвал хэлэлцээгээ хийгээд, байраа тохижуулна” гэв. Түүний энэ ярианаас харахад цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байруудыг эцэслэн сонгож, баталгаажуулаагүй гэж ойлгогдохоор буй юм. Харин “Яг одоогийн байдлаар хүүхэд хүлээж авахад бэлэн болсон хэчнээн байр бий вэ” гэхэд “88- д нь засвар, тохижилт хийж байна. Заримд нь хамтран ажиллах, үнийн санал ирүүлэх хүсэлт явуулсан. Есдүгээр сарын 1 гэхэд цэгцэрчихнэ” хэмээн ойлгомжгүй, толгой эргэм тайлбар хэлэв. Үндсэндээ цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх боломжтой байр 34-өөр нэмэгдсэн, ихэнх нь яриа хэлэлцээний түвшинд, зарим нь дотоод засвар, тохижилтын ажилтай байгаа бололтой. Аль өнгөрсөн хавраас л цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх боломжийн талаар ярьсан албаны хүмүүс өдөр алдааж шөнө гэгчээр хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдан, цахим бүртгэлтэй зэрэгцэн гэрээ, хэлцэл, засвар, тохижилтын ажлаа “явуулж” байна. Хугацаандаа амжих, эсэх нь бас л эргэлзээтэй. Энэ олон шинэ байрт хуваарилахаар төлөвлөсөн 10 гаруй мянган хүүхэд 2022-2023 оны хичээлийн жилийн хэдий хугацааг гэртээ өнгөрүүлэхийг таашгүй.
БШУЯ-ныхан мэдээлэхдээ “Цэцэрлэггүй үлдэх эрсдэлтэй 35 мянган хүүхдээс 26 643-ыг нь эхний ээлжид буюу энэ намар сургуулийн өмнөх боловсролд хамруулна” гэсэн. Харин одоогийн нөхцөл байдлаас харахад, үүнийхээ гуравны нэгийг нь ч биелүүлж чадахааргүй харагдаж байна. Яамны нэгэн мэргэжилтэн “Бүртгэлийн хугацаа дуусахад ихдээ 120 мянган хүүхэд хүсэлт илгээсэн байх болов уу. Тэдгээрийг намар цэцэрлэгүүдэд асуудалгүй хуваарилчихна” хэмээн ярив. Тодруулбал, цэцэрлэггүй үлдэх магадлалтай хүүхдүүдээс эхний удаад 10 гаруй мянга нь л бүртгүүлнэ, тэднийг л ийш тийш хуваарилаад “шингээчихвэл” асуудалгүй гэж үзсэн бололтой, яамныхан. Тэгэхээр төлөвлөсөн хэмжээндээ, 26 мянган хүүхэд хамруулах “шаардлагагүй” гээд энэ ажилд аажуу хандаж байж ч мэдэх нь. Хамгийн хачирхалтай нь, яамныхан дүүргүүдэд бүртгэлтэй хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадалд үндэслээд статистик тооцоо гаргасан. Гэтэл хамран сургах тойрог гээчээс болоод Улаанбаатар хотод дотоод шилжилт хөдөлгөөн эрчимжив. Зарим нь сонголтгүй үлдэхгүйн тулд хамгийн олон цэцэрлэгтэй хороод руу шилжүүлэг хийлгэж эхэлжээ. Нөгөө хэсэг нь өглөө, оройд хүүхдээ зөөхөд амар гээд ажилтайгаа ойр газарт “зохиомлоор” түр оршин суух болж. Тэгэхээр цэцэрлэгийн бүртгэл дууссаны дараа дээрх тоонууд хэрхэн өөрчлөгдөх, тэр нь хуваарилалтад яаж нөлөөлөх бол гэдэг нь сонирхол татаж байна.