Колумбийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Густаво Петро өнгөрсөн долоо хоногт тангараг өргөхдөө хар тамхины наймаачидтай тэмцэх өнөөгийн стратеги амжилтгүй болсныг зарлаж, мансууруулах бодисын эсрэг тэмцлийн аргыг өөрчлөхийг дэлхий нийтэд уриаллаа. Тодруулбал, тус улсын түүхэн дэх анхны зүүний үзэлт Ерөнхийлөгч тэрбээр “40 жилийн турш хар тамхи Латин Америкийн нэг сая хүний амийг авч, жил бүр Хойд Америкийн 70 мянган оршин суугч тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас амьсгал хурааж байна” гэв. Түүнчлэн АНУ, Колумби болон бусад орны эрх баригчид хар тамхины эсрэг дайнд ялагдсаныг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, мансууруулах бодисын наймаатай тэмцэх шинэ арга замын тухай олон улсын конвенц, эсвэл өөр ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахыг уриалсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манай гаргийн кокаины талаас илүү хувийг үйлдвэрлэдэг Колумби улсын мафи төдийгүй зэвсэгт босогчдын бүлэглэлүүд нь дэлхий даяар, тэр дундаа АНУ, Европт хар тамхи үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх ажилд идэвхтэй оролцдог. Гэмт этгээдүүдийн эсрэг олон арван жил хийж буй дайны хөлд хэдэн зуун мянган хүн амь үрэгджээ.
Богота хотын дарга асан, партизаны хөдөлгөөний гишүүн байсан, өдгөө 62 настай, эдийн засагч, сенатч Густаво Петро өнгөрсөн зургадугаар сард Колумбийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэгш бус байдлын эсрэг тууштай тэмцэж, нефтийн болон бусад ордын хайгуулыг зогсоон, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлыг эхлүүлнэ хэмээн тэрбээр амласан нь сонгогчдод таалагдсан аж.
ДАЙН БА ПАРТИЗАНУУД
Хагас зуун жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоны тунхагласан, өнөөг хүртэл өрнөж буй хар тамхины эсрэг дайн хэмээх стратеги нь мансууруулах бодис наймаалагчдын эсрэг тэмцэж буй прокурор, цагдаагийн үйл ажиллагаанд түлхэц өгсөн юм. Г.Петрогийн өмнөх Ерөнхийлөгч Иван Дуке Маркес хар тамхины эсрэг тэмцэхийг Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэл болгож, орон нутагт кокаин үйлдвэрлэхийг таслан зогсооход АНУ-аас дэмжлэг авчээ. Сүүлийн хэдэн арван жилд ийм хандлага нь зөвхөн мафийн бүлгүүдийн нөлөөг л бэхжүүлж, Латин Америкийн орнуудын төрийн эрх мэдлийг сулруулсан гэж Г.Петро хэлсэн үгэндээ онцолсон байна.
Густаво Петро 1980-аад онд оюутан байхдаа “Дөрөвдүгээр сарын 19-ний хөдөлгөөн” гэдэг зүүний үзэлт партизаны бүлэглэлд элсжээ. Энэ нь тухайн үед зүүний хэт давруу үзэлт босогчдын “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин” (FARC)-ий дараа хоёрдугаарт ордог байсан бүлэглэл байв. “Дөрөвдүгээр сарын 19-ний хөдөлгөөн” сонгуулийн будилааныг эсэргүүцэн байгуулагджээ. Хэсэг хугацаанд Г.Петро энэ бүлэглэлийг удирдаж байсан аж. 1985 онд түүнийг хууль бус зэвсэг эзэмшсэн хэргээр баривчилсан бөгөөд үүний дараахан тус бүлэглэл нийслэл Богота дахь Хууль зүйн ордныг эзлэв. Энэ үеэр зуу орчим хүн амиа алджээ. Густаво Петро энэ халдлагад оролцоогүй гэдгээ мэдүүлсээр 1987 онд өршөөгдсөн бөгөөд хэдэн жилийн дараа тус бүлэглэл Засгийн газартай хэлэлцээ хийж, “Ардчилсан холбоо М-19” нам болж өөрчлөгдсөн байна.
Эрх баригчдын хамт партизаны тэмцэлд Г.Петро оролцсоноор босогчид, хар тамхины наймаачидтай эвлэрэх хэлэлцээр хийхэд тус болох байсан гэж Колумбид үздэг. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Колумбийн хар тамхины хамгийн том “Булангийн овог” болон бусад бүлэглэлийнхэн FARC-ын гишүүд 2006 онд авсан шиг эргэн нийгэмших баталгааны хариуд зэвсгээ хураалгахад бэлэн буйгаа Г.Петрод аль хэдийн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн коммунист партизаны FARC бүлэглэлтэй 50 жил хийсэн мөргөлдөөнийг эцэслэсэн 2016 оны энхийн гэрээг бүрэн хэрэгжүүлж, босогчдын “Үндэсний чөлөөлөх арми” (1964 онд байгуулагдсан, зүүний зэвсэгт бүлэглэл)-тай хэлэлцээ хийж эхлэхээ амлав.
ЗҮҮНИЙГ ТӨЛӨӨЛСӨН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Густаво Петрог тангараг өргөх үед 100 мянга гаруй дэмжигч нь Богота хотын төв талбайд цуглалаа. Тэд Колумбийн анхны зүүний удирдагч тангараг өргөж, марксист босогч асан түүхэнд тэмдэглэгдэн үлдэхийг харав. Тэрбээр анхны хар арьст Дэд Ерөнхийлөгч, хүний эрх, байгаль орчны төлөө тэмцэгч Франсиа Маркес хатагтайн хамт улс орноо удирдах юм. Г.Петро тангараг өргөснийхөө дараа “Колумби улс хүчирхэг, шударга, нэгдмэл байхыг хүсэж байна” хэмээн мэдэгджээ. Түүний гол өрсөлдөгч нь авлигатай тэмцэгч, бизнес эрхлэгч, хөгжүүлэгч Родольфо Эрнандес байв. Петро нь Эрнандесаас 700 мянган сонгогчийн саналаар илүүрхэж, ялжээ. Эрнандесийн кампанит ажил нийгмийн сүлжээ, ялангуяа ТикТокт тулгуурласныг шинжээчид тэмдэглэж байна. Өнгөрсөн зургадугаар сард болсон Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийт, сонгогчид эрх баригчдаа ихэд шүүмжилж байлаа. Жилийн өмнө Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал тус улс даяар өрнөж, энэ үеэр олон арван хүн амиа алдсан юм.
Энэ удаагийнх Густаво Петрогийн Ерөнхийлөгч болох гэсэн гурав дахь оролдлого байсан бөгөөд үүнээс өмнө нь 2010, 2018 онд нэрээ дэвшүүлсэн аж. Тэрбээр нийгмийн доод давхаргын хар арьстнууд, залуучууд, ядуучууд, уугуул иргэдийн амьдралыг сайжруулахаа амлаж, тэдний эрхийн төлөө тэмцдэг хувьсгалч гэж өөрийгөө нэрлэсэн байна. Нийгмийн давхаргын ялгааг арилгахын төлөө тэмцэж, их, дээд сургуульд үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг болгон, тэтгэвэр тэтгэмж, хөдөө аж ахуйн шинэчлэл хийнэ хэмээн амласнаар Г.Петро сонгуульд ялав. Түүний тангараг өргөх ёслол нь олон арван жилийн турш аядуу, консерватив улстөрчид удирдаж ирсэн тус улсын чиг бодлогод томоохон өөрчлөлт гарахыг илтгэж байна гэж ажиглагчид тэмдэглэжээ. Европын Холбооны ажиглагчид сонгуулийг шударга, нээлттэй болсныг хүлээн зөвшөөрсөн.
ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРИНИЙ ЭХЛЭЛ
Г.Петро сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ түүнийг төр барих үед бизнес цэцэглэн хөгжиж, Засгийн газар нь тэгш бус байдлыг арилгахыг онцолсон. “Өөрчлөлт хийхийн тулд үзэн ядалт, үл тэвчих байдлыг арилгах хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ. Мөн сонгуулийн үр дүнг “Бурхан, ард түмний ялалт” хэмээсэн байна. “Тэд (өрсөлдөгчид) колумбичуудын өмчийг булаан авна гэсэн бол бид хувийн өмчийг устгана. Бид Колумбид капитализмыг хөгжүүлнэ” гэж шинэ Ерөнхийлөгч хэлэв. Густаво Петро сонгогдсон нь өөрчлөлтийн эрин үеийг эхлүүлнэ гэдэгтэй тоймчид болон олон улсын байгууллагууд санал нэг байна. Европын Холбооны дипломатч Жозеп Боррель “Колумбийн сонгууль нь өөрчлөлт хийхийг илтгэлээ. Колумбичууд илүү нээлттэй, илүү тэгш эрхт нийгмийг бий болгохын төлөө саналаа өглөө. Шинэ Ерөнхийлөгчид хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Сонгуулийн хоёр дахь шатанд 10.5 сая орчим хүн Г.Петрогийн эсрэг санал өгсөн байна. Энэ нь Колумбийн хүн амын тавны нэг орчим нь учраас шинэчлэл хийх үйл явц амаргүй байх магадлалтай. “Ард түмнийх нь нэлээд хэсэг Г.Петрог Ерөнхийлөгч болгохыг хүсээгүйг ойлгох хэрэгтэй” гэж “Colombia risk analysis” зөвлөх компанийн ерөнхийлөгч Серхио Гузман “France presse” агентлагт ярьжээ. Өрсөлдөгчид нь Петрог популист хэмээн шүүмжилж, түүнийг “Колумбийн Трамп” гэж нэрлэдэг.
ТҮҮХЭН СОНГОЛТ
Олон арван жил иргэний мөргөлдөөнтэй байсан улсад Густаво Петро эдийн засгийн шинэчлэл хийнэ гэж байгаа нь Колумбийг сүйрүүлнэ гэж шүүмжлэгчид нь үзэж буйг ВВС-гийн Өмнөд Америк дахь сурвалжлагч Кэти Ватсон уламжилжээ. Гэсэн ч тэгш эрх, ядууралтай тэмцэх амлалтууд нь тэгш бус байдал газар авсан энэ улсад хүчтэй дэмжлэг авсан юм. Дүрвэгсэд болон африк гаралтай колумбичуудын хувьд энэ сонгууль түүхэн өөрчлөлт хийх найдвар. Тус улс түүхэндээ анх удаа зүүний үзэл баримтлалтай Ерөнхийлөгч, хар арьст эмэгтэй Дэд Ерөнхийлөгчтэй болсон нь улс төрийн шинэ замыг иргэд нь хүсэж буйн илэрхийлэл аж. Нефть олборлох талаарх шинэ төслүүдийг хориглох гэх мэт Г.Петрогийн сонгуулийн кампанит ажлын зарим санал нь хөрөнгө оруулагчдыг айдаст автуулжээ. Түүнийг ядуурал, авлига, хээл хахуулиас гадна улс төрд газар авсан хүчирхийллийн эсрэг үр дүнтэй тэмцэнэ гэж дэмжигчид нь найдаж байна.
Гэхдээ Петро хоёр хуваагдсан парламенттай нүүр тулна. “Нийгмийн туйлшралын өнөөгийн түвшин, улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хямралаас шалтгаалан түүний Засгийн газар томоохон сорилтуудтай тулгарна” гэж Боготагийн их сургуулийн багш Арлен Тикнер хэлжээ. “Шинэ Ерөнхийлөгчийн хийсэн эхний чухал алхам нь өргөн хүрээг хамарсан эвсэл байгуулах хүчин чармайлт юм” гэж тэрбээр онцлов.
Густаво Петрогийн бүтэн нэрийг Густаво Франсиско Петро Уррего гэдэг. Тэрбээр 1960 оны дөрөвдүгээр сарын 19-нд Колумбийн хойд нутгийн Сиенага-де-Оро хотод багшийн гэр бүлд мэндэлжээ. 1982 онд нийслэл Боготагийн Экстернадо их сургуулийн Эдийн засгийн сургуулийг дүүргэсэн байна. Дараа нь тэрбээр Бельгийн Левен хот дахь Католик их сургуулийн Төрийн удирдлагын дээд сургуульд суралцаж, Богота дахь Пап ламын Ксаверийн их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ. Густаво Петро эхнэр, таван хүүхэдтэй. Тэрбээр татварын шинэчлэлийн шинэ төслөө Конгресстоо өнгөрсөн долоо хоногт өргөн барьж, хэлэлцүүлээд эхэлсэн.
Колумби нь хүн амын тоогоор Өмнөд Америктаа хоёрт ордог улс юм. 50 сая хүн амын дийлэнх нь уламжлалт консерватив үзэлтэй. Тус улсад нийгмийн давхаргын ялгаа их. Мөн удаан хугацааны зэвсэгт мөргөлдөөний явцад босогчдын бүлэглэлүүдийн хүчирхийллийн улмаас Колумбид зүүний төлөөлөгчдийн нэр хүнд муу хэвээр байна.