Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсад энэ сарын 7-ноос эхэлсэн. “Нэст эдүкэйшн” сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, “Сант”-ын Д.Энэрэлт, “Сэлбэ”-ийн Б.Бэлгүтэй нар улсаа төлөөлөн уг олимпиадад өрсөлдөж буй юм. Тэднээс урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангалаа. Олимпиад өнөөдөр өндөрлөж, эцсийн дүн нь гарах аж. Манай улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын зохион байгуулах хорооны дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар “Нэст эдүкэйшн” сургуулийн багш Д.Өсөхбаатар ажиллаж буй гэнэ. Уг олимпиадад 90 орны 91 багийн 357 хүүхэд танхимын болон цахим хосолсон хэлбэрээр өрсөлдөж байгаа аж. Ташрамд дурдахад, Манай сурагчид энэ жил математик, физик, биологи, хими, мэдээлэл зүйн гэсэн олон улсын таван олимпиадад өрсөлдсөнөөс ийнхүү долоон мөнгө, 12 хүрэл медаль хүртээд байна.