16 болон түүнээс дээш насны иргэдэд өнгөрсөн тавдугаар сараас тоон гарын үсэг олгож эхэлсэн. Уг үйл ажиллагааг илүү хялбарчилж, ухаалаг утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг өнгөрсөн баасан гаргаас эхлүүлэв. Тухайн өдрийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагаас 1600 гаруй иргэнд аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсэг олгосон аж. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан үүний талаар “Тоон гарын үсэг бол тодорхой алгоритм, технологиор шифрлэсэн, тухайн иргэнийг таних түлхүүр юм. Энэхүү түлхүүрийг иргэний үнэмлэхийн чип болон гар утсанд суурилуулах боломж бүрдүүллээ. Тоон гарын үсэг ашиглах нь хурууны хээгээр авдаг үйлчилгээг орлох учраас иргэд зайлшгүй нэг удаа улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр ирж, үйлчлүүлэх шаардлагатай” гэв.
Тоон гарын үсгээ гар утсаараа дамжуулан авахын тулд иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах улсын бүртгэлийн байгууллагад очиж, бүртгэлийн QR кодтой хуудас авна. Ингэхдээ ухаалаг утсандаа “GSign” аппликэйшн суулгасан байх ёстой. Бүртгэлийн QR кодоо дээрх аппликэйшнд уншуулснаар тоон гарын үсгээ үүсгэх боломж бүрдэх нь. Уг гарын үсгийг төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээ, банк санхүүгийн төлбөр тооцоо хийх, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авахад ашиглаж болох гэнэ.