Говь-Алтай аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд "Алтайн залуу-2022" чуулга уулзалт болж, өндөрлөлөө. Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Улаанбаатараас олон хэвлэл мэдээллийн байгууллага ирж эл уулзалтыг сурвалжлах хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Энэ бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой.
Монгол Улс сүүлийн 30 жил хүнээ бодсонгүй. Ялангуяа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тэднийг гэр бүл зохиож, сайн сайхан амьдрах тал дээр анхаарсангүй.
Би Говь-Алтай аймгийн сумдын бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд "Голынхоо 10 залуутай найзалж нөхөрлөөд зогсохгүй бусад сумынхантай танилцмаар байна" гэсэн. Харин ахмадууд маань "Энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо" гэв. Тиймээс л энэ арга хэмжээг зохион байгуулж, залуусыг уулзуулах нь зөв хэмээн бодсон" гэв.