-Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг манай оронд албан ёсоор байгуулаад жил ч болоогүй. Уг хүрээлэнг байгуулахын ач холбогдол, үр дүнгийн талаар яриагаа эхэлье.
-Шинжлэх ухааны академийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2021 оны есдүгээр сард 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тархи судлал бол XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан, хүн төрөлхтөн заавал судлах чухал салбар хэмээгдэж буй. Тархи судлалыг хөгжүүлэхэд улс орнууд идэвхийлэн ажиллаж, багагүй хөрөнгө заран, хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тархи судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж чадвал хувь хүн төдийгүй улс орон, дэлхий дахинд тулгамдаж буй бэрхшээлт асуудлыг тодорхойлох, түүнийг даван туулах хялбар шийдлийг олох боломжтой. Тулгамдаж буй асуудлаа даван туулснаар эдийн засагт үр өгөөжтэй төдийгүй ирээдүйн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртөхөөс сэргийлэх зэрэг ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх нь хувь хүний төдийгүй улсын хөгжилд түлхэц болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн.
-Тархи болон сэтгэл судлал нь хэрхэн холбогддог юм бэ?
-Тархи судлал нь салбар дундын шинжлэх ухаан юм. Хүний тархины үйл ажиллагаатай холбогддоггүй ямар ч ажил, мэргэжил, үйл хөдлөл байхгүй бөгөөд сэтгэл судлалтай холбоотой ойлголтууд нь тархи судлалын шинжлэх ухааны салшгүй нэг хэсэг болдог. Манай оронд тархины судалгааг хэдэн жилийн өмнөөс АШУҮИС-ийн багш нар хийж эхэлсэн. Мөн “Салбар дундын тархи судлал” хурлыг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Анх монголчуудын тархитай холбоотой эмгэг өөрчлөлтийг асуумжид тулгуурлан тодорхойлж байсан. Улмаар Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийнхэн бид илүү далайцтай судалгаа явуулж эхэлсэн гэхэд болно. Хамгийн сүүлд 3000 орчим хүнийг хамруулж, тархитай холбоотой эмгэгүүдийг нь илрүүлэх болон оношлох, эмчлэх судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн иргэдийг өрхийн эмнэлэгтээ хандан, тархитай холбоотой эмгэгийн эрсдэлээ үнэлүүлэх асуумж бэлтгэсэн. Уг асуумжаар сэтгэл зовнил, түгшил болон гутрал, архаг ядаргааг тодорхойлж болно. Тодруулбал, манай хүрээлэнгийнхэн 120 хэлээр гаргасан, 100 орчим улсад баримталж буй асуумжийг монголоороо хөрвүүлэн, монголчуудын зан ааш, амьдралын орчин, хэв маягт нийцүүлсэн асуумж сорилтыг бэлтгэн, нэвтрүүллээ. Асуумжаас гадна багажийн тусламжтайгаар стрессийн түвшнийг тодорхойлж байна.
-3000 орчим хүнийг хамруулсан судалгааны үр дүн ямар гарсан бэ?
-Эхний судалгааг бид 2020 оны тавдугаар сараас нэг жилийн хугацаанд үргэлжлүүлсэн юм. Үүнд хамрагдсан иргэдийн олонх нь стресс, бухимдалтай гэж оношлогдсон. Гэхдээ цар тахлын үед явуулсан судалгаа учраас бодит байдлаас өөр хариулт гарсныг үгүйсгэхгүй. Удахгүй цар тахлын тархалт хумигдаж, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь багассаны дараа дахин судалгаа явуулна. Тэгж байж монголчуудын стрессийн түвшин, сэтгэл зүйн эрүүл мэнд ямар байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлно гэсэн үг.
-Монголчууд бие, сэтгэлийн эрүүл мэнддээ санаа тавихдаа хойрго. Ялангуяа сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон гэдэг. Сэтгэл гутралд өртөгсөд дунд эрчүүд давамгайлах болж, амиа хорлолт ч өсөж байгааг дурддаг. Бидний сэтгэл зүйн эрүүл мэнд доройтон, анхаарал хандуулахуйц түвшинд хүрсэн хэрэг үү?
-Судалгаанаас харахад дэлхий нийтээр сэтгэцийн тулгамдсан асуудалд өртсөн гэж болно. Энэ нь сошиал медиа, архи болон мансууруулах бодисын хэрэглээ, зүй зохисгүй цагийн хуваарь, буруу хооллон, нойрсож буйгаас үүдэлтэйг эрдэмтэд нотолсоор байна. Мэдээж тухайн орны газар зүйн онцлог, цаг агаарын нөхцөл, хөгжил дэвшил иргэдийнх нь сэтгэл зүйд нөлөөлөх нь бий. Гэхдээ манай улсын иргэдийн хувьд бусдаас илүүтэй стресст өртөж, бусдаас илүүтэйгээр амиа хорлодог гэсэн дүгнэлт байхгүй.
Сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдээс хамгийн анхаарал татахуйц нь цагийн хуваарийн зохисгүй байдал, нойрны эмгэг ажээ. Энгийнээр хэлэхэд, зөв унтаж амарч чаддаггүй хүмүүсийн сэтгэл хямарч, улмаар тархины үйл ажиллагаа нь доголддог. Тархи судлалын шинжлэх ухаанд эзлэх нойрны асуудал үүгээр хөндөгдөн гарч ирж буй хэрэг. Тиймээс бид лабораторидоо аппаратын тусламжтайгаар нойрны олон үйлдэлт бичлэг хийж эхэлсэн. Хүн унтмагц тархиных нь долгион өөрчлөгддөг. Эл өөрчлөлтийг тэмдэглэснээр тухайн хүнийг зөв зохистой унтаж амарч байгаа, эсэхийг тодорхойлдог. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлэн, 17-23 настнууд буюу оюутнууд, 23-40 насныхан буюу залуус гэж хүмүүсийг ангилан, судалгаанд хамрууллаа. Гэтэл оюутнуудын нойрны чанар залуучуудынхаас муу гарсан. Ер нь манай судалгаанд хамрагдсан 17-40 насныхны олонх нь чанаргүй нойрсдог нь тодорхой болсон. Чанаргүй нойрсолт буюу нойрны эмгэг гэдэгт нойргүйдлээс гадна нойрон дунд амьсгал тасалдах өвчин багтдаг. Энэ нь хурхирах гэсэн үг. Хурхирдаг хүмүүсийн амьсгал боогдон, тархинд нь сөрөг нөлөө үүсгэдэг. Амьсгал тасалдах бүрт тархины цусан хангамж буурч, хүчилтөрөгчийн дутагдалд бүх эд, эрхтэн нь өртдөг гэсэн үг. Хэрэв энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүний танин мэдэхүйн чадвар багасан, мартамхай болж, зөнөх өвчинд өртөх магадлал нь өсдөг. Тоохгүй орхиж хэрхэвч болохгүй нэг төрлийн өвчин эмгэг бол хурхирах.
-Хурхирахад юу нөлөөлдөг бол?
-Таргалалт, цусны даралт ихсэлт болон чихэр, давс, өөх тосны хэт их хэрэглээ нөлөөлдөг. Мөн хүний биеийн анатомийн бүтэц, шүдний тоо, гажиг ч нөлөө үзүүлдэг. Тиймээс олон салбарынхан нийлж судлан, хурхирах эмгэгийг эмчлэх боломж бүрдүүлэхээр зорьж эмчилж ч байна. Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд нойрны эмгэг, хурхирах асуудлыг судалж эхэлсэн нь юуны түрүүнд нойрноос шалтгаалсан эмгэг тархинд яаж нөлөөлж буйг тодорхойлох зорилготой. Мөн платформ бий болгох, тархи, сэтгэл судлалын салбарын судалгааны дата үүсгэх юм. Нойрны чанар нь хүний амьдралын чанартай шууд, стресст өртөх магадлалтай урвуу хамааралтай гэж үздэг. Тодруулбал, зөв сайн нойр авдаг хүн эрүүл, чанартай амьдарч, сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх нь багасана.
-Сайн нойрсох энгийн зөвлөмжөөс хуваалцаач.
-Тодорхой цагт унтаж хэвших нь чухал. Ийм дадлыг хүүхэд байхаас нь төлөвшүүлэх учиртай. Аливаа үйлдэл, хичээлийг дадал болгох тусам тархи илүү идэвхтэй ажиллаж, холбоосуудынхаа тусламжтайгаар төлжин, сайжирч байдаг. Тархины үйл ажиллагаа сайн байх нэг үндэс нь олон дадлыг амьдралдаа хэвшүүлсэн байх явдал юм. Мөн дасгал хөдөлгөөн хийдэг бол илүү бөх, чанартай унтана. Түүнчлэн хүүхдийг 21.00 цагт унтуулж сургах хэрэгтэй. 22.00 цагт хүүхдийн өсөлтийн даавар ялгардаг. Тиймээс 21.00 цагт унтуулах нь зүйтэй. Өсөлтийн даавар нь зөвхөн өндөр болох тухай асуудал биш. Хүүхдийн сурах, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, эрүүл бие эрхтэнтэй хүн болгох зэрэг олон чухал нөхцөл өсөлтийн дааврын тусламжтайгаар бүрддэг. 21.00 цагт унтуулж дадуулахад жилийн хугацаа зарцуулж магадгүй ч насан туршийн хэвшил болно. Түүнчлэн хүн 6-8 цаг унтаад сэрэх нь зүйтэй. Энэ бол эрүүл амьдралын хамгийн анхан шатны мөрдлөг юм.
Нойрны асуудалтай хүмүүс манай лабораторид ирж, олон үйлдэлт аппаратын бичлэгт хамрагдан, зөвлөгөө авч болно.