Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ тухай Киодо агентлаг мэдээлэв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан орон нутгийн цагаар өнөөдөр 11:30 цагт эхэлсэн байна. Ерөнхий сайд Фумио Кишидагийн тэргүүлсэн Японы засгийн газрын шинэ бүрэлдэхүүн удахгүй тодорхой болох аж.
Киодо агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, ГХЯ болон Сангийн яамны тэргүүн нар албан тушаалдаа хэвээр үлдэх бололтой.
Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ шинэчлэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн намар мэдэгдэж байсан ч "шинэ капитализм" хэмээх эдийн засгийн үзэл баримтлалыг сурталчлах ажлыг эрчимжүүлэх, хүнс, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж холбогдох арга хэмжээ авах, парламентын чуулганы хуралдаанд урьдчилан бэлдэх зэргээс шалтгаалан эл алхамыг одоо хийжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх болсон гол шалтгаан нь улстөрчид "Эв нэгдлийн сүм" гэх шашны байгууллагатай холбогдсон тухай мэдээлэлтэй улбаатай юм.
Тэрхүү улс төрчдийн тоонд Ерөнхий сайд асан Шинзо Абэ багтаж байж болох бөгөөд түүний амь насанд халдсан алуурчин ч өөрийнхөө үйлдлийг үүнтэй холбон тайлбарласан байдаг.
Ерөнхий сайд асан Абэ Шинзо тус улсын эрх баригч намын хамгийн нөлөө бүхий долоон фракцын хамгийн томыг нь тэргүүлж байсан бөгөөд долоодугаар сарын 8-нд буюу парламентын дээд танхимын сонгууль болохоос хоёр хоногийн өмнө.бусдын гарт амиа алдсан юм.
Тэрхүү сонгуульд эрх баригч Либерал ардчилсан нам ялалт байгуулсан юм.
Хамгийн сүүлийн санал асуулгаар Кишидагийн засгийн газрын рейтинг 46 хувь болтлоо буурсан нь мөн л зарим сайд нар “Эв нэгдлийн сүм”-тэй холбоотой байж болзошгүйгээс шалгаалжээ.