Хан-Уул дүүргийн иргэн Б.Уянга гурван хүүхэдтэй. Бага хүү нь энэ намар долдугаар ангид элсэн суралцана. Хүү нь ангийнхнаасаа нэг л өөр, онцлог хүүхэд юм байна. Б.Уянга “Манай хүүгийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт сул. Хамт олонтойгоо ойлголцохдоо тааруу, найз нөхөдгүй, зожиг. Мөн ангидаа хамгийн муу сурлагатай нь гэж болно. Багаасаа л ийм байсан. Ангийнхан нь 35 үсгээ нүдэлж, үг холбоод сурсан байхад хүү минь мэдвэл зохих зүйлсийнхээ талыг л дөнгөж өөрийн болгосон. Цар тахлын улмаас хоёр жил танхимд сууж хичээллээгүй учраас одоо 3-4 дүгээр ангийн хүүхдийн хэмжээний л мэдлэгтэй. Эмчид үзүүлэхээр онцын зүйл хэлдэггүй. “Магадгүй Монголд ховор, оношлох боломжгүй нэг төрлийн эмгэг болов уу” гэдэг. Өвддөггүй, гаж буруу аашилдаггүй учраас эмчид хандахаа болин, сэтгэл судлаачтай уулзуулсан ч үр дүнд хүрээгүй. Харин гарын ур дүйтэй, төсөөлөн бодох чадвар сайтай. Тиймээс төрөл бүрийн зураг зурж, сүүлийн үед сийлбэр сонирхох болсон. Гэхдээ хүү маань яг юу хийж чадах, эсвэл чадахгүй, ямар мэргэжил эзэмшвэл зохих, цаашид юунд анхаарах хэрэгтэй талаар мэргэжилтний зөвлөмж, туслалцаа бидэнд хэрэгтэй байна” хэмээлээ.
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Г-ийнх хоёр хүүхэдтэй. Энэ намар гуравдугаар ангид элсэх Г.Амин-Үйлст охин нь харааны бэрхшээлтэй, нүдний булчин сулрах өвчтэй юм байна.
Хасах таван номерын, булчингийн үйл ажиллагаа сайжруулах шил байнга зүүдэг аж. Цэцэрлэг, сургуульд нь Г.Амин-Үйлстийг танхимын хаана суувал үзэгдэх орчин нь хязгаарлагдахгүй, ямар тоглоомоор тогловол өөрт нь төвөггүй, бэрхшээл багатайг зааж, зөвлөсөн хүн байхгүй. Хараа муутай учраас юутай ч сурагчийн ширээний урд эгнээнд суулгахыг ээж нь захижээ. Мэс заслын тусламжтайгаар нүдний булчингийн сулралаа эмчилж болох ч хараа нь сайжрахгүй байх магадлалтай гэнэ. Хэрэв насан туршдаа ийм бэрхшээлтэй амьдарвал юуг анхаарах, ямар туслах хэрэгсэл ашиглан нийгмийн харилцаанд оролцох тухайд төдийлөн мэдэхгүйгээ аав нь хэлсэн. Түүнчлэн ямар мэргэжил эзэмшвэл зохих, ямар ажил хийхээс татгалзах тухайд ч одоогоор ойлголтгүй гэнэ.
Баянгол дүүргийн нэгэн сургуулийн есдүгээр ангийг өнгөрсөн хавар төгссөн Г нь 187 см-ийн өндөртэй. Тэрбээр тавдугаар ангиасаа хойш огцом өссөн бөгөөд хэтэрхий өндөр болсондоо өөрөө тун сэтгэл дундуур байдаг. Учир нь ямар нэгэн спортоор хичээллэж байгаагүй, спортын авьяас, сонирхолгүй, мөн аливаад эв дүй муутай учраас зарим хүүхэд түүнийг сармагчин, мангас гэх зэргээр шоолдог гэсэн. Түүнчлэн хөл, гар урттайгаас сурагчийн ширээ, сандал нь жижигддэг, үүний улмаас тун тухгүй байдгаа хэллээ. “Өнчин тархины нэг төрлийн эмгэгийн улмаас зарим хүн дунджаас хэт өндөр байх нь бий гэдгийг интернэтээс уншсан. Өндөр болохоор намайг олонх хүн сагсан бөмбөг тоглодог, спортод авьяастай гэж хардаг. Гэтэл би спортод сонирхолгүй. 25 нас хүртлээ хүн тасралтгүй өсдөг гэсэн учраас цаашид үүнээс илүү урт гар, хөлтэй болох магадлалтай гэж бодож эмээдэг. Хэрэв би хоёр метрээс өндөр болчихвол автомашин жолоодоход, автобусанд суухад ч төвөгтэй. Ер нь манай улсад амьдрах хэцүү гэж аав, ээж хэлдэг. АНУ-д л амьдарвал таатай гэж ойлгосон” гэж Г ярилаа.
Ховд аймгийн иргэн өдгөө 48 настай Ц.Мөнхсүх хэл ярианы бэрхшээлтэй, бас сонсгол муутай. Эмийн буруу хэрэглээнээс шалтгаалж сургуульд орохоосоо ч өмнө ийм бэрхшээлтэй болжээ. Манай улсын одоогийн үнэлгээгээр бол тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд албан ёсоор ордоггүй. Гэсэн ч орчны дуу чимээ сайн сонсдоггүй, өөрийнх нь яриаг ч хүмүүс дахин дахин хэлүүлж байж ойлгодог гэнэ. Үүнээс болж ажил хийх, хүнтэй харилцахад төвөгтэй байдаг гэсэн. Түүнд төрөөс үзүүлсэн нэг тусламж нь цэргийн албанаас чөлөөлсөн явдал байжээ. Ц.Мөнхсүх “Хэл заслын багштай багаасаа хичээллэсэн бол үр дүнд хүрэх байсан юм билээ. Орон нутагт тийм багш байхгүй шүү дээ. Сонсгол, хэл ярианы бага зэргийн бэрхшээлээсээ болоод их, дээд сургууль төгсөж чадаагүй. Мөн ажилд орж чаддаггүй. Таксины үйлчилгээ эрхэлж, эсвэл барилга, замын компанид туслах ажилчин хийж, амьжиргаагаа залгуулдаг. Уг нь би тооны хичээлдээ сайн хүүхэд байсан. Тийм болохоор нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж дөнгөх байсан гэж боддог. Даанч удирдан чиглүүлж, зааж зөвлөх багш байсангүй. Аав, ээж минь ч намайг сурч боловсроход анхаарсангүй” гэж хэлсэн юм.
Дээрх тохиолдлуудыг International classifi¬cation of functioning, disability and health (ICF) буюу үйл хөдлөл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангиллын үүднээс авч үзвэл нэг төрлийн зовуурь, хөдөлмөрийн чадвар алдалт гэж хэлж болно. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ өвчний олон улсын ангилал (ICD) болон үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг хослуулан ашиглахыг зөвлөж буй. Харин манай улсад одоогоор ICD буюу өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлдэг. Тэгвэл олон улсын жишгийн дагуу ICF-ийг нэвтрүүлэхээр ХНХЯ-ны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийнхөн ажиллаж буй билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжлийн бэрхшээлийг үнэлдэг биологи, эрүүл мэндийн загвараас нийгэм, сэтгэл зүйн загвар буюу ICF ангилалд шилжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төслийн нэг томоохон зорилго юм.
ICD нь хөдөлмөрийн чадвар алдалтыг өвчний оношоор, ICF нь тухайн хүний үйл ажиллагааны алдагдлаар боломж нөхцөлийг нь үнэлдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, нэг нь зөвхөн өвчинд суурилж, оношлох төдийгөөр хязгаарлагддаг бол нөгөөх нь өвчтөний нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн байдлыг цогцоор нь үнэлж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоодог. Түүнчлэн ICF нь тухайн хүн цаашид юу хийж чадах, энэ чадварыг ашиглахад гадаад, дотоод ямар хүчин зүйл нөлөөлж болохыг тодорхойлдог онцлогтой. Мөн тухайн хүний нийгмийн оролцоог нь хэрхэн нэмэгдүүлэх, юунд анхаарч, ямар давуу талд нь түшиглэн хөгжүүлэхийг үнэлдгээрээ давуу талтай юм байна. Энэ нь 1400 гаруй категориос бүрддэг бөгөөд эмнэл зүйн практикт ашиглахад хялбарчлах үүднээс ICF-ийн гол багцыг боловсруулсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байв.
Дээр дурдсан жишээнүүдээс үзэхэд, манай орон ICF ангиллыг, олон улсын туршлагыг дотооддоо нэвтрүүлж, иргэдийнхээ зовуурь болон бусдаас ялгаатай байдлыг хүүхэд ахуйд нь оношлон, амьдрах таатай орчин бүрдүүлж, улмаар мэргэжлийн чиг баримжаа олоход нь туслах шаардлага бий гэсэн үг. Мэргэжлийн чиг баримжаа олгон, хүүхэд байхаас нь иргэддээ зөвлөн туслахад багшийн оролцоо чухал аж. Мөн энэ талаарх мэдлэг, ойлголтыг сургуулиудын хөтөлбөрт тусгах шаардлагатай юм байна. Тэгвэл багш нарт, багш болохоор суралцаж байгаа оюутнуудад ICF ангиллын талаарх ойлголт хэр байдаг бол. Энэ талаар болон хичээлийн хөтөлбөртөө багтаасан их, дээд сургууль бий, эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нь “Манай улсын хувьд шинэ тутам ойлголт учраас ICF ангиллын талаар мэдлэг олгож буй сургууль одоогоор байхгүй. Тус ангиллын талаарх ойлголтыг бүх шатны сургалтын хөтөлбөрт багтаах нь олон нийтийг мэдлэгжүүлж, боловсруулах хялбар шийдлийн нэг болно. Энэ талаар холбогдох албад, байгууллага, яамд нь ярилцаж, зөвшилцөлд хүрэх байх” гэсэн юм. Тэгвэл АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газраас үүний талаар лавлахад “Манай сургууль 26 чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэдэг. Эдгээрийн алинд ч ICF ангилалтай холбоотой ойлголт бүхий хичээл заадаггүй. Эл асуудлыг БШУЯ, ХНХЯ, ЭМЯ зэрэг төрийн байгууллага болон анагаах ухааны сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа, олон талын оролцоотойгоор шийднэ. Сургалтын хөтөлбөрт багтаан, кредит цаг олгож эхлэхийн тулд эхний ээлжид багш нараа бэлтгэх шаардлага гарна. Цаашид холбогдох талуудын оролцоотойгоор дээрх асуудлыг шийдэн, багшлах боловсон хүчнээ бэлтгэн, оюутнуудад мэдлэг олгох асуудалд идэвхийлэх нь зүйтэй” гэв.
Тэгвэл МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш Б.Саранзаяа “Манай улс халамж олгох, нийгмийн хамгаалалд оруулах зорилгоор л хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүртгэн, тэдний амьдрал ахуйг магадалдаг байсан үе бий. Гэхдээ өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөн, сайжирч байгаа. Тухайлбал, энд дурдагдаж буй ICF ангиллын талаар хаана хаанаа ойлголттой болохыг хичээн, асуудал хөндөж буй нь олзуурхууштай. Гэхдээ эл ойлголтыг хүн бүрт түгээх ёстой. Ингэснээр хөгжлийн илт бэрхшээлгүй ч ямар нэгэн зовуурьтай, тодорхой хэмжээний халамж, анхаарал шаардаж буй хүн бүрийн хөдөлмөрийн чадварыг үнэлж, хөгжүүлэх боломж, чиглэлийг нь тодорхойлдог байх шаардлагатай. Гадаад оронд тухайлбал, ОХУ-д ерөнхий боловсролын сургууль бүрт ICF ангиллын талаарх мэдлэгтэй, мэргэшсэн багш нар ажилладаг. Их, дээд гэлтгүй ерөнхий боловсролын сургуульд нь ч хүүхдүүдийн онцлог бүрт тохирсон мэргэжлийн чиг баримжаа олгогч багш нарыг ажиллуулдаг юм билээ. Багш нар нь ямар нэгэн байдлаар бэрхшээлтэй, зовуурьтай, сэтгэхүйн хувьд хэвийн биш хүүхдүүдийг хүн болж төлөвших, нийгэмд бие даан амьдрах чадвараа олоход нь зөвлөн тусалдаг. Манай оронд одоогоор тулгуур эрхтний, хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг л хөгжлийн бэрхшээлтэйд тооцон, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Цаашид өөр зовуурьтай хүмүүс, тусгай нөхцөл, орчны тусламжтайгаар нийгмийн харилцаанд оролцдог хүмүүстээ анхаарах, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ICF ангиллын талаарх ойлголтыг зайлшгүй тусгах хэрэгтэй” хэмээсэн юм.