АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида дахь Мар-а-Лаго эдлэн газарт нь Холбооны мөрдөх товчооныхан нэгжлэг хийсэн гэж мэдэгджээ. Үүнийгээ тэрбээр 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлалтайтай холбон тайлбарлав.
"Төрийн холбогдох байгууллагуудтай хийсэн ажил, хамтын ажиллагааны үүднээс миний гэрт гэнэтийн нэгжлэг хийх шаардлагагүй эсвэл зохисгүй байсан" гэж Трамп мэдэгдэлдээ дурджээ. "Энэ нь прокурорын хууль бус үйлдэл, шударга ёсны тогтолцоог зэвсэг болгон ашиглаж байгаа явдал намайг 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг хүсэхгүй байгаа радикал зүүний Ардчилсан намынхны халдлага" гэж түүний хэлснийг France Presse агентлаг иш татав.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тус улсын Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газар өмнө нь Мар-а-Лагогийн эдлэн газраас 15 хайрцаг албан ёсны баримт бичгийг авч явсан байна. Эдгээр баримт бичгүүдийг ерөнхийлөгч асан холбооны засгийн газарт хадгалуулахын оронд өөрөө авч явсан байжээ.
Баримтуудын дунд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай харилцсан захидал байсан нь мэдэгджээ.
“Washington Post” сонинд бичсэнээр Дональд Трамп албан ёсны бичиг баримтыг гэртээ хянадаг байжээ.