Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсэг нь Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдэх аж. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зарим сургуулийн удирдлага хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, заримыг нь ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна” хэмээн тодотгов.
Мөн Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Сайд Х.Нямбаатар “Стратегийн бүтээн байгуулалт бол улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж, тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулна” гэв.
Бэлтгэсэн У.Наран