Хятадын Weibo нийгмийн сүлжээний хэрэглэгчид өнөөдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж болзошгүй байгаатай холбогдуулан тус арлаас 100 гаруй км-ийн зайд орших зүүн Фужиан мужийн гудамж, талбай хурдны замаар цэргийн техник хэрэгсэл цувж буй гэрэл зураг, видео бичлэгийг нийтэлжээ.
Эдгээр гэрэл зураг, дүрс бичлэгийг яг хэн, хаана, хэзээ авсан болохыг тогтоох боломжгүй байгаа аж.
Үүний зэрэгцээ зарим хэрэглэгчид цэргийн техник хэрэгслийн хөдөлгөөнийг гудамжинд маш ойроос харсан ч гэсэн дайсандаа мэдээлэл өгч байгаатай адил тул нийтлэхгүй байхыг иргэддээ уриалж байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Малайз зэрэг Азийн орнуудаар хийж буй айлчлал нь түүнийг Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсны дараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Хэрэв тэрбээр Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан тус аралд айлчлах юм бол 1997 оноос хойш АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын анхны айлчлал болох юм.
АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын даргын "Галтай тоглох нь шатах эрсдэлтэй" гэж хэлсний дараа "Нэг Хятад" бодлогыг баримталж байгаа гэдгээ Бээжинд баталсан хэдий ч айлчлалын хувьд Пелоси өөрөө шийдвэр гаргадаг хэмээн мэдэгдсэн.
Тайваний хэвлэлүүд Нэнси Пелосийг өнөөдөр арал дээр ирж, лхагва гарагт тус арлын удирдлагуудтай уулзана хэмээн мэдээллэж байгаа ч Тайванийн Гадаад хэргийн яам ямар нэгэн албан мэдэгдэл хийгээгүй байна.
Хятад удс Тайванийг өөрийн муж хэмээн үздэг бөгөөд тус арлын албаны төлөөлөгчдийг Бээжинтай дипломар нэгэн мат хариоцаатай улсуудын эрх баригчидтай ямар нэгэн харилцаа холбоо тогтоохыг эсэргүүцдэг юм.