"Аль-Каида" террорист байгууллагын Бен Ладенаас хойш толгойлж байгаа Айман аль-Завахири Кабулд дроны цохилтод өртөн амь үрэгдсэн тухай Reuters, агентлаг эх сурвалжаасаа иш татан мэдээлэв. Тэдний хэлж буйгаар уг ажиллагааг АНУ-ын Тагнуулын төв газар явуулсан байна. Нэрээ нууцалсан эх сурвалж тус агентлагт хэлэхдээ, уг ажиллагааны улмаас энгийн иргэд хохироогүй гэнэ. Уг ажиллагааг долдугаар сарын 31-ний ням гарагт явуулсан ч АНУ-ын эрх баригчид зохих мэдэгдэл хийхийн тулд Айман аль-Завахири нас барсныг нотлохыг хүлээж байсан гэж Associated Press тэмдэглэв. Талибаны засгийн газар уг цохилтыг "олон улсын зарчмуудыг" зөрчсөн үйлдэл гэж "хатуу зэмлэн буруушааж" байна.