Японы баруун хэсэгт орших Фукуи мужид Михама АЦС-ын гурав дахь реактороос цацраг идэвхт элемент агуулсан долоон тонн орчим ус алдагджээ.
“ТАСС” агентлагийн мэдээлснээр энэ тухай Кансай Электрик Пауэр станцын оператор компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд дурдсан байна. Ус атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрээс гараагүй бөгөөд байгаль орчинд ямар ч нөлөө үзүүлээгүй гэж тайланд тэмдэглэжээ.
Тус компанийн ажилчид ослын шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлжээ.
Терроризмын эсрэг дэд бүтцийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны аравдугаар сард үйл ажиллагаа нь зогсоод байсан уг АЦС-ын гурав дахь реактор энэ долдугаар сард ажлаа эхлүүлэхээр болсон байна.
2011 онд “Фукушима-1” АЦС-д гарсан ослын дараа Японы эрх баригчид цөмийн байгууламжид тавих шаардлагыг чангатгасан юм. Террорист халдлагын эсрэг дэд бүтцийг бэхжүүлэх шаардлагаас гадна атомын цахилгаан станцын операторууд 40 гаруй жил ажилласан реакторуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрчээ.
АЦС-ын үйл ажиллагааг нарийвчилсан шалгалт дууссаны дараа л сэргээх аж.