Өчигдөр буюу пүрэв гарагт /2022.07.28/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр цаг гаруй утсаар ярьжээ.6
Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ши Жиньпинтэй биечлэн уулзаагүй ч тав дахь удаагаа утсаар ярьж байгаа юм.
Хэвлэлийн төлөөлөгчдийн мэдээлж буйгаар төрийн тэргүүн нарын ярианы нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байсан бөгөөд яриа “шууд, шулуун”, “илэн далангүй” уур амьсгалтай болж өнгөрчээ.
Цагаан ордны тайланд дурдсанаар, Тайваны статусыг дангаар өөрчлөх оролдлогыг АНУ эрс эсэргүүцэж байна гэж Жо Байден Ши Жиньпинд анхааруулжээ.
Ши Жиньпин яриандаа Байденыг "нэг Хятад" зарчмыг баримтлахыг уриалж, "Галаар тоглосон хүн түлэгддэг" гэж анхааруулсан гэж Бээжин мэдэгдэв.
БНХАУ Тайванийг нэгдсэн Хятадын улсын “салан тусгаарлагч” хэсэг гэж үзэж, хүчээр өөртөө нэгтгэхийг албан ёсоор үгүйсгэхгүйдэггүй.
АНУ нэг талаар “нэг Хятад” зарчмыг баримталж, Тайванийг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ч , нөгөө талаараа ардчилсан Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлсээр байгаа.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалын талаарх ярианаас болж Тайванийг тойрсон маргаан хурцдаад байгаа юм.
АНУ-ын Төрийн департамент Пелоси ийм төлөвлөгөөгөө албан ёсоор зарлаагүй хэмээн мэдэгдсэн ч Бээжин хэрвээ айлчлал хийх юм бол энэ нь "ноцтой үр дагавартай" гэж мэдэгдсэн.
Хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзахын ач холбогдлыг онцолж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахыг багууддаа даалгасан нь энэ удаагийн ярианы нэг гол үр дүн болжээ.