Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. 22 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн долдугаар сарын 28-ныг Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгох санаачилгыг гаргаж байжээ. Уг өдрийн энэ жилийн уриа нь “Гепатитын тусламж, үйлчилгээг ойртуулъя” аж. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Оном” сан зэрэг байгууллагаас өчигдөр олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өглөө. ЭМЯ-наас мэдээлснээр бол манай улсын хүн амын дунд гепатит В, С вирусийн халдварын тархалт өндөр байна. Түүнчлэн вирусийн халдварын шалтгаант элэгний хавдар, түүнээс үүдэлтэй нас баралт буурахгүй байгаа аж. Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд гепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны 1 180 220 иргэнийг хамруулжээ. Тэдний 7.8 хувь нь В, 9.3 хувь нь С вирусийн халдвартай нь илэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас В, С, D вирусээс шалтгаалсан элэгний хатуурал, хавдар өвчнөөс улбаалсан нас баралтыг 2030 он хүртэл 65 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ. Уг зорилтод хүрэхийн тулд манай улс дээр дурдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Анхан, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа мэдээлэв. Тэрбээр “Хөтөлбөрийн хоёр дахь шатанд өмнө нь хамрагдсан иргэдийн эмчилгээний дараах хяналтыг сайжруулж, бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн шинээр D вирусийн оношилгоо хийнэ. Уг вирусээр халдварласан нь тогтоогдсон иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах төлөвлөгөөтэй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хамгийн гол онцлог нь сум, өрхийн эрүүл мэндийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулах юм” гэв.