НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ирэх сарын 8-нд манай улсад айлчлах гэж байна. Энэ нь түүний Монгол Улсад хийх анхны айлчлал болох юм. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх тав дахь удаагийн албан ёсны айлчлал болно. Үүнээс өмнө 1977 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм, 1987 онд Хавьер Перес де Куэльяр, 2002 онд Кофи Аннан, 2009 онд Бан Ги Мүн нар манай улсад ирж байсан түүхтэй. Антониу Гутерриш 2017 оны нэгдүгээр сараас уг албыг хашиж буй. А.Гутерришийн айлчлал Монгол руу олон улсын анхаарлыг татаж, манай орныг дэлхий нийтэд таниулах сурталчилгаа болох нь дамжиггүй. Манай улс НҮБ-д 1961 оны аравдугаар сарын 27-нд элссэн. Анх 1946 онд 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өдгөө 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлээд байна. Өдгөө 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөрөөрөө дамжуулан дэлхийн хэмжээнд улс орон, ард иргэдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй юм.