Японд техникийн дадлага хийхээр ирсэн гадаадын иргэдийн талаас илүү хувь нь тус улс руу явахаасаа өмнө эх орондоо өр тавьсан байдаг тухай NHK телевиз мэдээллээ.
Жил бүр тус улс дахь гадаадын 5-9 мянган дадлагажигч хаана байгаа нь тодорхойгүй болдог гэж Японы Цагаачлалын албанаас мэдэгджээ. Тэдний сураггүй алга болдог шалтгаан нь цалингаа хугацаандаа авч чаддаггүй, эсвэл эх орондоо тавьсан өр гэх мэт асуудлаас үүдэлтэй гэнэ. Тус албанаас Вьетнам болон бусад таван орны 2200 орчим техникийн дадлагажигчдад сүүлийн таван сарын хугацаанд тулгамдсан асуудлыг нь олж мэдэхийн тулд энэ оны дөрөвдүгээр сарын эцсээр судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсдын 83 орчим хувь нь Япон руу явахаасаа өмнө ажил олгогч агентлаг, брокеруудад дунджаар 4000 ам. доллар төлсөн байна. Мөн тэдний 55 хувь нь Японыг зорихоосоо өмнө мөнгө зээлсэн гэжээ. Энэ өрийн дундаж хэмжээ мөн л 4000 орчим ам.доллар аж.